Йемений нийслэл Сана хотод мөргөлдөөн газар авч, хөл хөдөлгөөнийг хязгаарлажээ. Зэвсэгт мөргөлдөөний улмаас бэртэж шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхэд ч бэрх байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ гаднаас авдаг энэ улсад гурван жилийн өмнө эхэлсэн мөргөлдөөн хурцдаж, ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгджээ. Хүнсний хомсдлын улмаас өлсгөлөн, элдэв өвчин газар авч, олон мянган хүүхдийн амь нас эрсдэж байгааг НҮБ-аас мэдээлэв.
Хүмүүнлэгийн байгууллагууд Йеменд тусалж байгаа ч олон сая хүнд бүгдэд нь хүрч ажиллаж чадахгүй байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгджээ. Тэрбээр Йемений сөргөлдөгч талуудад хандан иргэдэд тусламж үзүүлэх боломж олгож, мөргөлдөөнөө зогсоохыг уриалсан байна.
Йеменд гурван жилийн өмнө бослого дэгдэхэд тус улсын Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади хөрш Саудын Араб руугаа дүрвэн гарч, тусламж хүссэн билээ. Тийнхүү Саудын Араб тэргүүтэй Персийн булангийн орнуудын цэргийн эвсэл Йеменд агаарын цохилт өгөх болж, олон зуун энгийн иргэний амь нас хохироод байна.
Холера өвчний халдвар авсан хүүхэд. Сана хотын эмнэлэг.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )