Оросын тамирчид Пёнчаны олимпоос гадуурхагдлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 06

Олон улсын олимпийн хороо ОХУ-ын шигшээ багийг Пёнчаны өвлийн олимпод оролцуулахгүй байх шийдвэр гаргасан гэх мэдээлэл гарчээ. Орос улс төдийгүй олон улс энэ мэдээлэлд цочирдож байна. Улс орнуудын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болдог олимпийн наадмаас дэлхийн нэгэн том гүрэн ийнхүү гадуурхагдлаа.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Олон улсын олимпийн хорооны шийдвэрийн дараа мэдэгдэл хийж “Зарим нэг улс орны явуулгыг бид тэвчсээр, даван туулсаар ирсэн. ОХУ-ыг яагаад ч мохоож чадахгүй. Хориг арга хэмжээ, дайнаар ч биднийг нурааж чадахгүй. Бид юуг ч даваад гарах болно” гэв.

Тэгвэл олон улсын мэдээллийн зарим агентлагуудад “Олон улсын олимпийн хороо олимпийн түүхэнд урьд хожид байгаагүй шийдвэр гаргажээ. Пёнчанд болох өвлийн олимпод ОХУ-ын тамирчид “Оросоос ирсэн олимпийн тамирчид” гэх нэрийн дор өрсөлдөхөөр болсон байна. Шагнал гардуулах ёслол дээр Оросын төрийн дуулал эгшиглэхгүй, далбааг нь өргөхгүй. Оросын тамирчид Олон улсын олимпийн хорооны бэлгэ тэмдгийг ашиглана” гэж мэдээлж байна.

2014 онд Сочигийн олимпийн үеэр допингтой холбоотой зөрчил үйлдсэн Оросын олимпийн хорооноос болж энэ шийдвэрийг гаргаж байгаа талаараа ОУОХ мэдэгджээ. ОХУ Сочигийн олимпоор медалийн тоогоороо тэргүүлэх гэж тамирчдаа допинг хэрэглэхийг дэмжсэн, үүнийгээ нууцлах үйл ажиллагаа явуулсан гэж ОУОХ үзэж байна.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Сэтгэл маш их өвдөж байна. Тамирчидтайгаа сэтгэл зүрхээрээ хамт байх болно. Үүнийг давж гарч чадна” гэжээ.

“Пёнчан 2018” өвлийн олимпийн 23 дугаар наадам ирэх хоёрдугаар сарын 9-25-нд болно.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top