АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзжээ. Венад болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр тэд хагас цаг орчим ярилцсан байна. “Бид сайхан хэлэлцээр хийлээ. Хамтын ажиллагаанд дэвшил гарлаа” гэж Р.Тиллерсон ярьсан талаар “РИА Новости” агентлаг мэдээлэв. Харин Украинд НҮБ-ын энхийн элч нарыг оруулах ажил одоогоор шийдэгдээгүй байгаа аж.
Хоёр улсын Гадаад хэргийн яамны тэргүүний ярианы гол сэдэв нь АНУ Израиль дахь Элчин сайдын яамаа Тель-Авиваас Иерусалим руу нүүлгэж, тус хотыг Израилийн нийслэл гэж зарлах талаар байжээ. Түүнчлэн Сирийн байдал, БНАСАУ-тай холбоотой асуудал болон Украины хямралын талаар ярилцсан байна.
Иерусалимыг Израилийн нийслэл гэж зарлах асуудал дээр Сергей Лавров “Яагаад” гэж асуужээ. Сайтар бодолцож байж шийдвэр гаргах ёстойг тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад зөвлөсөн байна. Тэгвэл Сирийн асуудлаар тэд тус улсын тусгаар байдлыг хүндлэх хэрэгтэй гэсэн бол БНАСАУ-ын цөмийн туршилтуудын эсрэг АНУ, БНСУ-тай хамтран Солонгосын хойгт цэргийн сургуулилт хийх нь бүс нутагт тогтворгүй байдлыг үүсгэж болзошгүй учир асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг Оросын Гадаад хэргийн сайд зөвлөжээ.
АНУ-аас Орост суугаа Элчин сайд Жон Хантсман хэдхэн хоногийн өмнө хоёр улсын хооронд ойлголцол, итгэлцэл гэж байхгүй болсныг хэлж байсан юм. Тэрбээр АНУ, Оросын харилцааг аврах хэрэгтэй байгааг хэлж байсан бол Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтдаа сэтгэл ихэд хангалуун байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )