Өмнөд Хятадын тэнгист тогтоох хяналтын талаарх зөрүүтэй байр сууринаасаа болж дэлхийн хоёр, гурав дахь эдийн засаг хоорондоо тэрсэлдэхэд хүрээд байгаа билээ. Дэлхийн ховор металлын хэрэгцээний 90 гаруй хувийг хангадаг БНХАУ Япон руу хийх экспортоо зогсоосноос болж үйлдвэрүүд түүхий эдээр гачигдан хүнд байдалд орсон. Энэ асуудлаас болж ховор металлын үнэ дэлхийн зах зээлийн ханш 5-25 дахин өсчихөөд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, Япон Хятадын Өмнөд Хятадын тэнгисийн зөрчилдөөнөөс болж дэлхий нийтийн аж үйлдвэрлэгчид хэлмэгдсэн. Вьетнамд гэхэд л БНХАУ Өмнөд Хятадын тэнгист хяналт тогтоох гэж байгааг эсэргүүцсэн жагсаал саяхан болж, АНУ-аас цэрэг зэвсгийн тусламж хүртэл гуйлаа. Ингэхэд Өмнөд Хятадын тэнгис гэж ямар ид шидтэй нутаг юм бэ. Улс болгон түүнийг эзэлж, хяналтаа тогтоохын учир юун оршиж байна. Японы Майничи сонины редакц энэ асуултад хариулахыг оролджээ. Тэд уншигчдаас ирүүлсэн асуултуудас хамгийн түгээмэл дөрөвт нь хариулсныг толилуулья. Гэхдээ асуултуудад япон талаас хариулсан гэдгийг сануулах хэрэгтэй.
-Өмнөд Хятадын тэнгис гэж юу вэ?
-Энэ нь Номхон далайн БНХАУ, Тайвань, Вьетнам, Малайз, Бруней, Филиппиний дунд оршдог хэсэг юм. Газар доорхи баялаг ихтэйгээс гадна цаг уурын тааламжтай бүсэд орших учир Өмнөд Хятадын тэнгис орчмын улс орнуудаас жинэхэнэ байгалийн гоо үзэсгэлэнг тольдож болох юм. Үүнээс гадна усан тээврийн гол замуудын уулзварт оршдог бөгөөд Зүүн өмнөд Азийг Энэтхэг, Африк, Австралийг холбох гол зангилаа юм. Англи, Япончууд л “Өмнөд Хятадын тэнгис” гэж нэрлэдэг болохоос бусад улс орнууд янз бүрээр нэрлэдэг. Хятадууд Өмнөд тэнгис гэдэг байхад вьетнамчууд Зүүн тэнгис, филиппинчүүд Баруун Филиппиний тэнгис гэх жишээтэй. Олон нэртэй энэ тэнгис ер бусын сонин гайхалтай, эмзэг экосистем бүхий 250 гаруй шүрэн аралтай.
-Газрын баялаг ихтэй гэсэн. Ямар эрдэнэсийг энэ бүс нутаг агуулж байдаг юм бэ?
-АНУ-ын Эрчим хүчний агентлагаас Вьетнамын талаар гаргасан тайланд Өмнөд Хятадын тэнгис нь долоон тэрбум баррель нефтьтэй гэж тогтоосон байдаг юм. Энэ нь Японы стратегийн нөөцөөс 13 дахин (стратегийн нөөц 530 сая баррель) их буюу 199 өдрийн хэрэгцээг хангахад хүрэлцээтэй хэмжээ юм.
Харин БНХАУ 213 тэрбум баррель нөөцтөй гэсэн илүү өөдрөг таамаглал гаргасан байдаг. Вьетнамын геологичидын хамгийн сүүлд хийсэн судалгаагаар Вьетнамын эрэг орчимд шууд олборлолт хийх боломжтой 10 орчим тэрбум тонн нефть, нэг их наяд м3 байгалийн хийн нөөц байгаа нь тогтоогджээ. Мэргэжилтнүүд энд нефтиэс гадна алт, зэс, цинк, манганы нөөц байгаа гэж үздэг.
-Чухам ийм учраас л БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийг өөрийн газар нутгаа гэж үздэг байх нь ээ?
-Зөв. 1,3 тэрбум хүн ам, хурдацтай өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн өсөлтөө хангахын тулд тэдэнд эрчим хүчний нөөц хэрэгтэй. Харин эрчим хүч нь нүүрс, нефть болон уранаас гардаг шүү дээ. Тэд одоохондоо Австрали, Монголоос нүүрс, Африкийн орнуудаас уран импортлон хэрэгцэгээ хангаж байна. Гэсэн ч эрчим хүчний хомсдолд орж эхэлсэн тул Өмнөд Хятадын тэнгис дэхь баялгийг ашиглах нь тэдний хувьд зайлшгүй хийх ёстой алхам болжээ. Энэ бүс нутагт оршдог улс орнууд ХХ зууны дунд үед хил хязгаараа тогтоох талаар их ажил хийж, муудаж сайдан завгүй байцгаасан ч Өмнөд Хятадын тэнгисийг хэрхэн эзэмших талаар юу ч хийж амжаагүй юм. Гэхдээ 1960-аад оны сүүлээс эхлэн ойролцоо орших арлуудаа өмчилцгөөн БНХАУ-тай зөрчилдөж эхэлсэн нь одоо ч үргэлжилсээр байна.
-Энэ бүс нутаг дахь Японы эрх ашиг юунд орших вэ?
-Дэлхийн нийт худалдааны 25 хувь нь энэ бүс нутгаар дамжиж хийгддэг, харин газрын баялаг хомс Япон улс энэ замаар Австрали, Африк, ойрхи Дорнодоос хэрэгцээт түүхий эдээ импортолдог. Тэгхээр энэ бүс нутагт БНХАУ болон бусад улсын нөлөө хэт ихэсвэл Японыг зорих хөлөг онгоцны аюулгүй байдал алдагдаж эхэлнэ. Бид тэдэнд татвар төлөхгүй, тэд төлүүлнэ гэж үзнэ. Энэ нь манай эрх ашигт нийцэхгүй. Тиймээс бид тус бүс нутагт ядаж л нэг улс дангар ноёрхуулахгүй байх талаас нь оролцох учиртай. Япон руу цутган орж ирэх түүхий эдийн урсгал зогсоход арлын орны эдийн засаг бүхэлдээ зогсох болно.
Б.Хурцболд
Сэтгэгдэл ( 2 )
Хятад Япон Улсууд маргахад АНУ зүгээр хараад суухуу бас л хөндлөнгөөс нь оролцоод байдлыг улам л Хурцатгана