Бэлгийн замаар дамжих элдэв халдварт өвчин нь зөвхөн орчин үеийн гэлтгүй бүх цаг үеийн асуудал байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд илүү ихээр өсөн нэмэгдэж байгаа энэ өвчлөлтэй хэрхэн тэмцэх вэ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бэлгийн замаар дамждаг халдварт өвчнүүд, тэр дундаа эдгэрэх ямар ч арга байдаггүй ДОХ-ын аюултай хэрхэн тэмцдэг талаар мэдээлэл хүргэе. Доор дурдагдсан улс орнууд боловсруулсан хөтөлбөрийнхөө дагуу хүнийг дархлалын олдмол хомсдолд хүргэж, үхүүлдэг аюулт өвчинтэй үр дүнтэйгээр тэмцэж байгаа аж.
ОХУ хэдий хэмжээний мөнгө зарцуулна төдий чинээ үр дүнд хүрнэ
Хойд хөршид хүний дархлалын олдмол хомсдолтой тэмцэх 2020 он хүртэлх стратегийг Засгийн газар нь баталжээ. Өмнө нь Орост ДОХ-той тэмцэх урт хугацааны, нарийн төлөвлөгөө байгаагүй аж. Энэхүү бодлогынхоо хүрээнд хүн амынхаа дунд өргөн судалгаа явуулна гэж хойд хөршийн Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдсэн байна. ДОХ-той тэмцэх ажлыг 2020 он гэхэд үр дүнд хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа ОХУ хэдий чинээ мөнгө зарцуулна төдий чинээ үр дүнд хүрнэ гэж үзэж байна. “ДОХ-оос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, илэрсэн тохиолдлуудтай тэмцэхэд үр дүн гарах эсэх нь хэр хэмжээний мөнгө зарцуулахаас хамаарна” гэж хойд хөршийн Ерөнхийлөгч Путин ярьж байсан билээ.
Их Британид амьдралын эрүүл хэв маягийг баримтлах замаар ДОХ-ыг арилгана
Их Британийн Эрүүл мэндийг хамгаалах яам 2015 оны сүүлчээр бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд анхаарч, ДОХ-той тэмцэх гурван жилийн төлөвлөгөө танилцуулжээ. Маш өндөр өртөг шаардагдсан энэ хөтөлбөрийн дагуу Их Британи улс бэлгийн цөөнх гэгддэг ижил хүйстнүүдтэй илүү тулж ажиллах аж. Чухамдаа тэдэн дунд ДОХ хамгийн их дэлгэрсэн гэсэн баримт бий. Иргэдээ ДОХ-ын халдварын тестэнд хамруулах, бэлгэвч хэрэглэж, амьдралын эрүүл хэв маягийг баримтлахад уриалах, ДОХ-ын талаар мэдээлэл өгөх ажилд Их Британийн эрх баригчид 2.75 сая ам.долларыг зарцуулжээ. Тэр хэмжээгээрээ үр дүнд хүрсэн учир энэ жил дээрх хөтөлбөрт урьдахаасаа арай бага төсөв хуваарилжээ.
АНУ-д өвчтөнүүдээ эмчилгээнд нэн яаралтай хамруулдаг
ДОХ-той тэмцэх үндэсний хөтөлбөрийг энэ улсад 1980-аад оноос хойш хэрэгжүүлж байна. Сүүлийн таван жилийн буюу 2015-2020 оны төлөвлөгөөний дагуу АНУ-ын Засгийн газар өвчтөнүүдийг оношоо эрт мэдэхэд нь туслах, ДОХ-той гэж оношлогдсоноос хойш сарын дотор вирусийн эсрэг эмчилгээг эхлэх болон бага зэргийн халдвар тээж яваа хүмүүсийг олж илрүүлэн эмчлэхэд гол анхаарлаа хандуулж байна. “Хамгийн гол нь хүмүүс ДОХ-ын халдвар тээчихсэн яваагаа мэдэх нь чухал” гэж Эрүүл мэндийн яамнаас нь мэдэгджээ. АНУ ДОХ өвчинтэй тэмцэх ажилд энэ онд 34 тэрбум долларыг хуваарилсан байна.
ӨАБНУ ДОХ-той хүмүүсийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс ДОХ-ын халдвар тээж яваа хүмүүсийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг. 2012 онд энэ улсад ДОХ болон бэлгийн замаар дамждаг бусад халдварт өвчинтэй тэмцэх гурав дахь таван жилийн төлөвлөгөө гарчээ. 2015-2016 онд энэ хөтөлбөрт 2.08 сая ам.доллар зарцуулсан бол 2016-2017 онд 2.26 сая ам.доллароор ДОХ-ын эсрэг тэмцжээ.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 0 )