АНУ: Иран улс Йемений босогчдод зэвсэг нийлүүлж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 20

  Йеменээс Саудын Араб руу пуужингийн цохилт хийсэн явдалд АНУ шүүмжлэлтэй хандлаа. Эр-Рияд руу хөөргөсөн пуужин Йемений босогчдынх байжээ. Энэ талаар АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Хезер Науэрт мэдээлэв. Тэрбээр “Бид урьдын адил босогчдын түрэмгийлсэн үйлдэлд түгшиж байна. Иран улс тэднийг орчин үеийн зэвсгээр дэмждэг. Тэд бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж, Йемен дэх мөргөлдөөнийг үргэлжлүүлж байна” гэсэн байна.

Йемений хямралыг улс төрийн аргаар л шийдвэрлэх ёстой гэж АНУ үзэж байгаа аж. “Бид талуудад хандан дайсагнасан үйлдлээ нэн даруй зогсоохыг уриалж байна. Хариу арга хэмжээ авахаа зогсооцгоож, НҮБ-ын туслалцаатайгаар улс төрийн яриа хэлэлцээрт эргэн орохыг уриалж байна” гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч хэлжээ.

Саудын Арабын тэргүүлдэг цэргийн эвсэл өмнө нь Йемений босогчдын харвасан баллистик пуужинг замд нь зогсоосон гэж мэдэгдэж байсан юм. Түүнчлэн АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хэйли Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр Иран руу чиглэсэн хориг тавихыг уриалсан билээ. Түүний ярьж байгаагаар, Йемений босогчдод Иран улс зэвсэг нийлүүлж байгаа аж.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top