НҮБ: Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 04

НҮБ-ын цөмийн зэвсгийг хориглох тогтоолыг үл тоож, бүс нутагтаа аюул учруулаад байгаа Хойд Солонгос олон улсын анхаарлын төвд байгаа билээ. Тус улсын удирдагч Ким Жон Ун НҮБ-ын төлөөлөгч нартай уулзахаас татгалзаж, Өмнөдтэйгөө хэлэлцээрийн ширээний ард суухаас үргэлж зугтсаар ирсэн. Тэгвэл өчигдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы тэргүүн Мирослав Лайчак Хойд Солонгосоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Ча Сон Намтай уулзсан байна. Ерөнхий Ассамблейн чуулганы тэргүүн “Хоёр Солонгос шууд холбооны шугамаа сэргээж, БНАСАУ Пёнчаны өвлийн олимпийн наадамд тамирчдаа оролцуулах талаар ам нээлээ. Ким Жон Ун Өмнөд Солонгостой яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэнд баяртай байна. Ийнхүү дипломат хүчин чармайлт гаргаснаар Солонгосын хойгийн хурцадмал байдал намжина. БНАСАУ-ын санаачилгыг дэмжиж, зөв чиглүүлснээр тус улсыг цөмийн зэвсэггүй болгоно” гэж мэдэгджээ.

Хойд Солонгосын пуужингийн туршилтуудын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрээд байсан НҮБ-ын тэргүүн Антонио Гуттереш энэ сарын нэгэнд Ким Жон Уны хийсэн мэдэгдлийг сайшааж байгаагаа илэрхийлсэн билээ. Хойд Солонгосын удирдагч ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ Өмнөдийн Пёнчан хотод ирэх сард болох өвлийн олимпт тамирчдаа оролцуулна гэсэн юм. Уг олимпийн наадмыг хоёр Солонгосын харилцаанд чухал үйл явдал болно гэж Ким хэлсний дараа БНСУ ирэх долоо хоногт Хойд Солонгосын тамирчдыг Пёнчаны олимпт оролцуулах асуудлаар тус улстай хэлэлцээрийн ширээнд сууна гэсэн билээ. 

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top