Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2018 оны 01 сарын 16

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Азийн сангийн суурин төлөөлөгч ноён Марк Кэйнигийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Азийн Сангийн Монгол дахь дэд суурин төлөөлөгч Диана Фернандез, Азийн Сангийн төслийн менежер Н.Амарзаяа болон бусад албаныхан оролцов. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  “Азийн сан 2012 оноос НЗДТГ-тай хамтран ажиллаж, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”, “Хотын засаглал”, “Хог хаягдал ба цаг уурын өөрчлөлт”, “Төрийн албанд ил тод байдлыг нэмэгдүүлэх нь” зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. Тиймээс цаашид засаглалыг бэхжүүлэх, сайн засаглалыг дэмжих чиглэлээр урьд бий болгосон харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллахад бэлэн байна.

Азийн сантай Улаанбаатар хот нягт хамтын ажиллагаатай ажилладаг. Хотын зүгээс хотын засаглалыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Түүнчлэн Азийн сан Улаанбаатар хотыг олон улсын тавцанд гаргахад туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Сүүлийн жилүүдэд Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум зохион байгуулж байгаа. Үүнд маш идэвхтэй оролцдог. Энэ жил уг форумыг хамтран зохион байгуулахаа энэ удаад ярилцлаа. Шинээр томилогдсон суурин төлөөлөгч нь хотын засаглалаар мэргэшсэн, Монгол Улсад олон удаа ирж ажиллаж байсан туршлагатай хүн учраас шууд ажилдаа орсон байна. Тиймээс хамтарч ажиллахад таатай байх болно" хэмээн онцлов.

Азийн сангийн суурин төлөөлөгч ноён Марк Кэйниг “Азийн сан нь яг одоогоор НЗДТГ-тай хамтраад хоёр үндсэн том төслийг хэрэгжүүлж байгаа. “Хотын засаглал” төсөл нь Швейцарийн санхүүжилттэйгээр хэрэгжиж байна. Хотын албан хаагчдын чадавх, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, төрийн үйлчилгээг хороодын түвшинд хүргэх гол зорилготой төсөл юм. Төслийн хүрээнд 3000 гаруй төрийн албан хаагчийг сургасан байгаа. Хоёрдахь гол төсөл бол “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдин төв” юм.

Энэ төв бизнес эрхлэх сонирхолтой, бизнес санал, санаачлагатай, бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүдэд зориулсан сургалт, ганцаарчилсан зөвлөгөө, инкубатор хөтөлбөр зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Нээгдсэнээсээ хойш 2 жилийн хугацаанд 4000 гаруй эмэгтэйг үйл ажиллагаандаа хамруулсан байна. Миний хувьд Азийн сангийн суурин төлөөлөгчөөр ажиллах болсондоо баяртай байгаа. Цаашид НЗДТГ-тай олон талд үр дүнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top