Шүд, эрүү нүүрний төвийг байртай болгоно

2018 оны 01 сарын 24

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам батлах, Шүд эрүү нүүрний төвд зориулан барилга худалдан авах, НИТХ-ын хороодын бүтцийн өөрчлөлт, Төрийн цол одон медальд тодорхойлж уламжлах, Ажлын хэсэг байгуулах тухай  зэрэг асуудлуудыг хэлэлцэв

Тэргүүлэгчдийн хуралдаан 10 цагт эхэлж, хуралдаанаар Инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журмын төслийг Хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Тус журмын шинэ төслийн төсөлд өмнөх журмаар зохицуулагдаагүй байсан нөхцлүүд болох ус зайлуулах суваг шуудууг цэвэрлэхэд авто машины орц гарц гаргах, нийтийн эзэмшлийн инженерийн барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага гэх зэрэг зохиуулалтыг тусгаж өгчээ. НИТХ-ын тэргүүлэгчид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн Ус зайлуулах барилга байгууламж хариуцсан мэргэжилтэн М.Балдандоржоос шинэ журамтай холбоотой асуулт асууж, хариулт авч санал хэллээ. Шинэ журмаар хувийн аж ахуйн нэгж инженерийн байгууламжийг барьж байгуулахад энэ журмыг мөрдөхөд хяналт явах үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болгож, тогтоолын төслийг баталлаа.

Үүний дараагаар Шүд эрүү нүүрний төвд зориулан барилга худалдан авах асуудлаар НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжиллээ. Шүд эрүү нүүрний төвд зориулан барилга худалдан авах асуудал нь өмнө нь тэргүүлэгчдийн хурлаар 2 удаа орж хэлэлцэгдэж байсан тул тухайн асуудлыг батлаад явуулах горимын санал зарим тэргүүлэгчээс гарсан ч бусад тэргүүлэгчид холбогдох албан тушаалтнаас асуулт асууж, санал хэллээ.

НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгальмаа: "Өдөртөө 200-300 иргэн үйлчлүүлдэг Шүд эрүү нүүрний төвийн барилгыг өнөөдөр хүртэл бариулж чадаагүй шалтгаан юу вэ? Өнөөдрийг хүртэл түрээсийн байранд ямар өртөг төлж байсан вэ?" гэсэн асуултанд Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан хариуллаа. Тэрээр "Шүд эрүү нүүрний төвийн хуучин барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж Мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоосон. Үүний дараа тендер явуулж барилга барих компанийг шалгаруулсан боловч тус компани нь гэрээ хийснийхээ дараа төслөөсөө татгалзсан байдаг. Үүний улмаас барилгын асуудал нь шийдэгдэхгүй явж ирсэн. Өнгөрсөн хугацаанд тус эмнэлэг 5 жил түрээсийн байранд байрласан. Түрээсийн өртөгт жилдээ 264 сая, ашиглалтын зардалд жилдээ 8 сая төгрөг, нийтдээ 272 сая төгрөг зарцуулсан. 12 сард түрээсийн гэрээ нь дууссан тул зайлшгүй шаардлагаар байртай болгох нь зүйтэй гэж дүгнэж байгаа" гэлээ.

Шүд эрүү нүүрний төвд зориулан барилга худалдан авах асуудлаар хуралдсан хуралдааны төгсгөлд НИТХ-ын хурлын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад хандан санал хэллээ. "Шүд эрүү нүүрний эмнэлгийн шинэ барилгыг 4,8 тэрбум төгрөгөөр худалдан авч байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа, барилга байгууламжийн үнэ хөлс ямар байгааг та бид хаана хаана мэдэж байгаа ийм нөхцөлд бидний гаргаж байгаа зардал нь 1000м2 талбайтай барилгыг худалдан авах хангалттай хэмжээний мөнгө. Гол нь худалдан авч байгаа барилга байгууламж нь иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд үйлчлүүлэх нөхцөл боломжийг хангах, иргэдийн авто машины зогсоолыг нь шийдвэрлэсэн хэмжээнд байх ёстой гэдгийг холбогдох албан тушаалтнууд анхааран ажлаарай" гэж НИТХ-ын дарга хэллээ. Үүний дараагаар хуралдаанд оролцогч тэргүүлэгчид Шүд эрүү нүүрний төвд зориулан барилга худалдан авах, хөрөнгө гаргахыг санал нэгтэйгээр нь дэмжиж, тогтоол гаргахаар боллоо.

Хуралдаан НИТХ-ын хороодын бүтцийн өөрчлөлтийн талаар хаалттай хуралдахаар болж сэтгүүлчдийг хуралдааны танхимаас гаргаснаар үргэлжиллээ.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншсан 100 айл орчид төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгууллаа.

Хуралдааны төгсгөлд эрхэлсэн ажилдаа амжилт зүтгэл гаргасан нэр бүхий хүмүүсийн нэрсийг сонсон Төрийн цол одон медальд тодорхойлж уламжлахаар болсноор өнөөдрийн НИТХ-ын хуралдаан өндөрлөлөө гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top