Налайхын Эрүүл мэндийн нэгдэлд түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө

2018 оны 01 сарын 25

Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг,  ашиглалтад ороод удаагүй байгаа 50 ортой Хүүхдийн эмнэлэгт түргэн тусламжийн дуудлагын автомашин гардуулан өгөх ёслол боллоо. Энэхүү автомашиныг Япон, Монголын хамтарсан “Токуда Монгол” сан, сумоч Н.Цэвэгнямтай хамтран өгч байгаа юм.

Өмнө нь Кёкүтэнхо Н.Цэвэгням тус сантай хамтран өөрийн төрсөн нутаг Налайх дүүргийнхээ эмнэлэгт "диализийн” буюу бөөрний таван аппаратыг бэлэглэж байсан. Тэгвэл энэ удаад түргэн тусламжийн дуудлагын авто машин олгож байна.

Тус үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Японы Токуда сангийн Монгол дахь төлөөлөгч Р.Жигжид, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал нар оролцлоо.

Налайх Эрүүл мэндийн төв нь одоогийн байдлаар 6 автомашинтайгаар түргэний дуудлаганд ажиллаж байгаа бөгөөд түргэний дуудлагаар очих хугацааг 20 минутад багтаах зорилго тавин ажиллаж байгаа аж. Дүүргийн хувьд алсын 2 хороотой, уул уурхай, барилгын материал үйлдвэрлэлийн бүсэд гарах эрсдэл их  зэрэг онцлогтой учир энэ зорилтоо хэрэгжүүлж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн, шуурхай, хүртээмжтэй хүргэхэд өндөр хувь нэмэр оруулна гэдгийг ЭМТ-ийн дарга Л.Байгал онцлон хэллээ.

Энэ үеэр зочид 50 ортой хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Хүүхдийн эмнэлэгт өнөөдрийн байдлаар 34 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн оны мөн үед дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 30 оронд 40 гаруй хүүхдийн хүлээн авч байсныг бодоход энэ жил тохилог, дулаахан, шинэхэн эмнэлэгтээ хүүхэд багачуудад  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Ханиад томууны дэгдэлтийн үед дүүргийн ЭМН-ийн уламжлалын эмч нарыг хүүхдийн эмнэлэгт шилжүүлэн ажиллуулахаас гадна өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулснаар ханиад томууны дэгдэлт харьцангуй буурчээ гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top