АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Палестиныг сүрдүүлжээ. Тэрбээр “Та нар Израильтай хэлэлцээр хийхгүй бол санхүүгийн тусламжаа дахиж танана” гэж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дээр хэлсэн байна. Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзсаныхаа дараа ингэж хэлжээ. Тэрбээр өнгөрсөн сард Иерусалим хотыг Израилийн нийслэлээр зарлаж дуулиан тарьсан билээ. АНУ-ын энэхүү мэдэгдлийн дараа Израиль, Палестины хооронд хүчтэй мөргөлдөөн болсон юм. Эмх замбараагүй байдал одоо ч намжаагүй байна.
Палестинчууд Израильтай хэлэлцээрийн ширээнд суухаас татгалзаж байгаа билээ. Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас “Трампын шийдвэрээс АНУ хэзээ ч төвийг сахисан зуучлагч байж чадахгүйг харлаа. Бид Израильтай энхийн хэлэлцээр хийхгүй. Иерусалимыг хэн ч юугаар ч худалдаж авч чадахгүй” гэжээ. Тэгвэл Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтаа гайхалтай байлаа гэж тодотгожээ.
АНУ түүнчлэн НҮБ-ын дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагт өгдөг санхүүжилтээ 50 гаруй хувиар танажээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )