Жүжигчин Анжелина Жоли хүмүүнлэгийн үйлст хүчин зүтгэдэг нэгэн. 42 настай тэрбээр НҮБ-ын хүмүүнлэгийн элч билээ. Тэгвэл Жоли уржигдар хоёр охинтойгоо Йорданийг зорьжээ. 13 настай Захара болон 11 настай Шайлогоо дагуулсан Жоли “Заатари” дүрвэгсдийн хуаранд очсон байна. Тэд “Tiger” боловсролын хөтөлбөрт хамрагдаж байгаа Сирийн дүрвэгч хүүхдүүдтэй ярилцжээ.
Жоли “Хүмүүс бие биенээ сонсч, ойлгож чадвал дайн тулаан багасна. Олон улсын байгууллагууд хамтран дүрвэгсдэд тусламж үзүүлж чадна" гэж хэлжээ. Түүнчлэн “Сирид дайн болсон долоон жилийн турш дүрвэгсэд байдгаа барлаа. Тэд одоо аймшигтай тарчиг байдалд амьдарч байна. Хүүхдүүд өлсч, эмнэлгийн тусламж авч чадалгүй хорвоог орхиж, жаахан охид нөхөрт гарч байна. Хүмүүс өвлийн хүйтэнд толгой хоргодох газаргүй үлдэж байна” гэсэн Жолигийн яриа олон хүний зүрхийг зүсчээ.
Жүжигчин бүсгүйн охин Шайло ээжтэйгээ хамт гурав дахь удаагаа хүмүүнлэгийн үйлст оролцож яваа нь энэ юм. Харин үрчилж авсан охин Захара нь анх удаа дүрвэгсдийн хуарангаар явж байгаа аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )