БНХАУ Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулбал өнгөрсөн 20 жилийн туршид яллагдагчийг хамгаалах, шударга бусаар яллахын эсрэг бий болгосон эрх зүйн шинэтгэлээсээ ухрах аюултай хэмээн судлаачид анхааруулж байна. Ерөнхийлөгч Ши Жинпиний авлигатай тэмцэх 5 жилийн цэвэрлэгээг хэрэгжүүлэхийн тулд коммунист намын мөрдөн байцаагч нар авлигын хэргийн сэжигтнүүдийг шууд цагдан хорьдог байсан нь намын гишүүдийн дургүйцэл төрүүлдэг байсан тул шинэ төрлийн цагдах хорих системийг хуульчилж, нэвтрүүлнэ хэмээн ерөнхийлөгч амлаж байсан юм.
Энэ сард батлагдахаар төлөвлөгдсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Хятадын Иргэний хуулиар олгогддог хамгаалалтуудыг үл харгалзан, намын гишүүн эсэхээс үл хамааран бүх шатны төрийн албан хаагчдын эсрэг арга хэмжээ авах эрх бүхий Үндэсний Хяналтын Хороог байгуулна. Ингэснээр авлигын хэрэгт сэжиглэгдэж буй төрийн албан хаагч хүн амины гэмт хэргийн яллагдагчид олгогддогоос ч бага хэмжээний хуулийн хамгаалалт эдлэхээр болж байна.
Нью-Иоркийн Их Сургуулийн Хятадын эрхзүйн систем судлаач Жероме Кохен дээрх өөрчлөлт нь өнгөрсөн олон арван жилд Хятадын шүүхийн системийг мэргэшүүлэх, яллагчдад өмгөөлөгчтэйгээ уулзах, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүдэн шүүлгүүлэхгүй байх зэрэг хуулийн хамгаалалт эдлүүлэхээр ажилласан их хүчин чармайлтаас эрс ухарсан хэрэг болох нь хэмээн хэлсэн байна.
Шинэ хуулийн үйлчлэлд цэцэрлэгийн багш, шуудангийн ажилчин, эмчээс эхлээд өндөр албан тушаалтнууд, төрийн өмчит компанийн ажилтнууд багтана. Ингэснээр Коммунист нам олон мянган нууц мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, хүмүүсийг цагдан хорьж, шалгах эрхтэй болох ажээ.
НОРВЕГИ УЛСЫН КОМПАНИУД АВЛИГАТАЙ ТЭМЦЭНЭ
Норвеги Улсын газрын тосны баялгийг хариуцан зохицуулах үүрэгтэй Үндэсний сан хөмрөг нь одоогоор 1.028 их наяд ам долларын хөрөнгөтэй. Дэлхийн хамгийн том тус үндэсний санг Норвегийн төв банк удирддаг бөгөөд улсынхаа компаниудад хөрөнгө оруулалт хийж ажилладаг.
2016 оны Олон улсын валютын сангийн тайланд дурдсанчлан авлига жил бүр дэлхийн нийт баялгийн 2 хувийг эзэлж, эдийн засгийн шударга хуваарилалтыг үгүй хийдэг байна.
Иймд Норвеги Улсын үндэсний сан хөмрөг өөрийн хөрөнгө оруулдаг 9000 компанидаа авлигатай тэмцэх илүү хатуу шалгуур тавьж ажиллах шаардлага тавьж байна. Ялангуяа мэдээлэгчийг хамгаалах чиглэлд онцгойлон анхаарал хандуулж ажиллахыг сануулжээ.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )