АНУ-ын Төрийн департаментын БНАСАУ-ын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч огцорч байгаагаа мэдэгджээ. Жозеф Юн энэ долоо хоногийн сүүлчээр албан тушаалаа хүлээлгэн өгнө гэдгээ “CNN” телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. “Албан тушаалаасаа огцрох нь миний өөрийн гаргасан шийдвэр. Өөр юу ч нөлөөлөөгүй” гэж тэрбээр мэдэгдсэн ч ажиглагчид түүнд ажлаа гэнэт орхих болсон өөр шалтгаан бий гэж бичиж байна. Жозеф Юн “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон намайг албан тушаалаа орхиж байгаад харамсч буйгаа илэрхийлсэн” гэжээ.
АНУ-ын Төрийн департаментын Хойд Солонгосын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч албан тушаалаасаа огцорсон явдал нь Цагаан ордоны БНАСАУ-ын асуудал дээр барих бодлогод нь хүндрэл учруулж болох юм гэж Америкийн хэвлэлүүд бичиж эхэлжээ.
Жозеф Юнээс өмнө Цагаан ордоны аппаратын нарийн бичгийн дарга Роберт Портер ажлаа орхисон билээ. Түүнийг хоёр экс эхнэр нь хүчирхийллийн хэрэгт буруутгасны дараа огцорч байгаагаа зарласан. Үүнээс өмнө ч Доналд Трампын засаг захиргаанд ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдэж огцорсон өндөр албан тушаалын хүмүүс бий. Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч, ажилчдын албаны дарга, харилцаа холбооны албаны дарга зэрэг нэлээд хэдэн хүн Трампын захиргааг орхин явсан билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )