Каталоны захирагчийг Германы шоронд хорилоо

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 26

Испанийн Каталон мужийн захирагч асан Карлес Пуждемоныг баривчилжээ. Бельги рүү дүрвэсэн тэрбээр Германы хойд хэсгийн Шлезвиг-Гольштейн мужид өчигдөр баривчлагдсан талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Тэрбээр нэгэн хуралд оролцоод Бельги рүү буцаж явахдаа ийнхүү Германы цагдаа нарт баривчлагджээ.

Испанийн Засгийн газар өнгөрсөн оны аравдугаар сард Каталоны тусгаар тогтнолыг эсэргүүцэж, тус мужийн өөртөө засах эрхийг нь түдгэлзүүлж, захирагчийг нь огцруулсан билээ. Каталоны тусгаар тогтнолыг хууль бусаар зарласан гэх Карлес Пуждемон туслахуудын хамт Бельгид очсон юм. Түүнийг Каталонд зөвшөөрөлгүйгээр бүх нийтийн санал хураалт явуулж үндсэн хууль зөрчсөн, бослого үймээн дэгдэхэд хүргэсэн хэргээр эрэн сурвалжилж байв. Германы талаас “Европын Холбооны гишүүн улсуудад мөрдөгддөг сэжигтнийг баривчлах тогтолцооны дагуу К.Пуждемоныг баривчиллаа” гэж мэдэгджээ. Харин Германы шүүх түүнийг Испанид шилжүүлж өгөх эсэх нь тодорхойгүй байгаа аж. Түүнийг одоо Германы Ноймюнстер хотын шоронд хорьж байна.

Дээрх баривчилгааны дараа Каталонд жагсаал болж, иргэд цагдаа нартай мөргөлджээ. 50 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Төрийн хэд хэдэн байгууллагын гадаа болсон өргөн хүрээтэй жагсаалаар иргэд захирагч асан Карлес Пуждемоныг суллахыг шаардаж, шударга ёсны төлөө үргэлжлүүлэн тэмцэхээ илэрхийлжээ.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top