Сири дэх агаарын цэргийн бааз өчигдөр орой пуужингийн цохилтод өртжээ. Тус улсын Хомс муж дахь “Т-4” бааз руу хэд хэдэн пуужингийн цохилт ирсэн талаар “SANA” агентлаг мэдээлсэн байна. Цохилтуудыг АНУ хийсэн гэж Сирийн талаас сэжиглэж байгаа аж.
Тэгвэл Пентагоноос “Энэхүү дайралтын талаарх мэдээлэл бидэнд ирсэн. Гэхдээ пуужингийн цохилт хийсэн гэсэн баттай нотолгоо олдоогүй байна” гэж мэдэгджээ. Пуужингийн цохилт хийсэн байлаа ч АНУ хийгээгүй гэдгийг тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлж байна.
Түүнчлэн “Associated Press” агентлагийн мэдээлснээр энэ сарын 7-нд Сирийн Зүүн Гутад химийн зэвсэг ашигласан дайралт болжээ. Канадын Гадаад хэргийн яамнаас энэ талаар “Башар Асад химийн зэвсэг хэрэглэлээ. Бид үүнийг эсэргүүцэж байна. Буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй” гэжээ.
Үүний өмнө есөн улс нийлэн Сирид химийн дайралт болж байгаа асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан хийхийг уриалсан билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )