Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 8-12-ны өдрүүдэд Хятадад айлчилж байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны урилгаар хийж байгаа энэхүү албан ёсны айлчлалаар хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээнүүдийг хийж, баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын талаар Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон төрийн байгууллагуудын вэб сайтад мэдээлж эхэлжээ. Тухайлбал, Хятадын Гадаад хэргийн яамны вэб сайтад “Монголын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 9-ний өглөө Ардын хурлын их зааланд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзлаа. Ли Көцян энэ үеэр Хятад, Монгол хоёр чухал хөрш, найз, хамтрагч орнууд гэдгийг онцолж байлаа. Ерөнхийлөгч Си Жиньпинийг 2014 онд Монголд айлчлах үеэр хоёр орны хооронд стратегийн чухал харилцаа холбоо тогтсон. Хятадын дарга Монголын улс төрийг өндрөөр үнэлж, хоёр орны харилцаа батжих нь бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал нөлөө үзүүлж байгааг хэлж байсан билээ” гэжээ.
Ли Көцян Хятад, Монгол хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа сайжруулж, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхэд хамтран ажиллана гэдгийг илэрхийлсэн байна. Ингэхийн тулд худалдаагаа ойрын хугацаанд өргөжүүлж, хилийн дамжин өнгөрөх бүсүүдийг байгуулахад анхааран ажиллах аж. Аж ахуй, эрчим хүч, тээвэр, хотын дэд бүтэц гээд бүхий л салбарт хамтын ажиллагаа чухал байгааг Хятадын талаас онцолжээ.
Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ой ирэх жил тохиохыг Ли Көцян хэлээд “Хятад улс үүнийг ашиглан Монгол, БНХАУ-ын харилцааг сайжруулах алхам хийж, соёл урлаг, аялал жуулчлал, хэвлэл мэдээллийн салбарт солилцоо хийж, залуусыг солилцон айлчлуулах замаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг хүсч байна” гэсэн байна. Ухнаагийн Хүрэлсүх Хятадтай харилцаа, хамтын ажиллагаа сайн байх нь Монголын гадаад бодлогын үндсэн зарчим байхыг хэлжээ. Монголын шинэ Засгийн газар энэ бодлогоо үргэлж баримталж, Монгол, Хятадын стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдгийг У.Хүрэлсүх илэрхийлсэн байна.
Хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийснийхээ дараа хоёр талын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зуржээ. Эдийн засаг, худалдаа, хүмүүс болон соёлын хамтын ажиллагаа, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг асуудлууд үүнд багтаж байгаа аж. Тэдний уулзалтын үеэр Хятадын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И тэргүүтэй өндөр албан тушаалтнууд байлцжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх урд хөршид хийх айлчлалынхаа хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, Гашуунсухайт-Ганц модны боомт, Тавантолгойн орд зэрэг томоохон хөрөнгө оруулалт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэлэлцээ хийхээ мэдэгдсэн. Энэ талаар “Синьхуа” агентлаг мэдээлэхдээ “Энэ айлчлалаар 500 орчим сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэх төлөвтэй байна. Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар БНХАУ-д анхны айлчлалаа хийж байгаа юм. Энэ айлчлал нь хоёр улсын улс төрийн илтгэлцлийг бэхжүүлэхэд чиглэгдэж байна. Хятад, Монгол хоёр ирэх жил болох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор олон чухал арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцжээ” гэж мэдээлсэн байлаа.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 5 )
Манай улс хойд урд 2 хөрштэйгээ сайн түншдээ улсаа хөгжүүлэхийг бодох нь зөвөө
Munhiin hursh tiimee
Hurshvvdee hvndelj bj hvndleliig olon sn muugaar helegddg ch munhiin hurshvvd shu de bid
Харилцаа хамтын ажиллагаа чухал. Гол нь зөв түншлэлцэх л хэрэгтэй.
ОЛОН ЗҮЙЛ ӨӨРЧЛӨГДӨЖ ОЛОН ЗҮЙЛ СЭРГЭНЭ ГЭЖ ИТГЭЖ БАЙГАА. ӨМНӨХ УЛС ТӨРЧДИЙН ХИЙЖ ЧАДААГҮЙГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ