АНУ Сири рүү 100 гаруй пуужин харважээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 16

 АНУ, Франц, Их Британи гурав хамтран энэ сарын 14-нд шилжих шөнөөс эхлэн Сирид цохилт өгч эхэлсэн билээ. АНУ болон түүний холбоотнууд энэ өдрөөс хойш 100 гаруй пуужин харвасан талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээнд өгүүлжээ. Тэгвэл Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Би АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг Сирийн объектуудад өгөх цохилтоо хязгаарлахыг ятгасан” гэсэн байна. Тэрбээр “BFM TV”-д ярихдаа “Зөвхөн химийн зэвсэгтэй объектуудад л цохилт өгөхийг дэмжиж байна. Трамп эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон хувийн “Твиттер”-ээрээ дамжуулан их түрэмгийлсэн үг шидэлж байсан” гэжээ. Парис түүнчлэн Вашингтоныг Сирид үлдэхийг ятгасан байна. Доналд Трамп 10 хоногийн өмнө “АНУ Сирид хүлээсэн үүргээсээ татгалзаж байна. Бид Сириэс цэргээ гаргана” гэсэн юм. Харин Франц улс Трампыг Сириэс холдуулахгүй байхыг хүсч байгаа аж. Э.Макрон холбоотнуудын Сири рүү хийсэн пуужингийн цохилтыг “амжилттай явагдсан цэргийн ажиллагаа” гэсэн байна.

Тэгвэл Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Сирид өгч буй цохилтынхоо асуудлаар парламентдаа илтгэл тавихаар төлөвлөж байгаа аж. Тэрбээр Сирид явуулж байгаа цэргийн ажиллагаагаа Нэгдсэн вант улсын үндэсний ашиг сонирхлыг хамгаалж буй үйлдэл гэж үзэж байгаа гэнэ. Тереза Мэй “Шударгаар хэлэхэд бид үндэсний эрх ашгийнхаа төлөө ийм үйлдэл хийсэн. Сирид химийн зэвсэг хэрэглэхийг таслан зогсоож, дэлхий нийтийг эв найрамдалтай байлгахын төлөө ажиллаж байна. Энэхүү санаачилга олон улсаас ч их дэмжлэг авч байгаа. Зөв үйлдэл болохоор нь л бид үүнийг хийсэн” гэжээ.

Их Британи, АНУ, Франц гурав олон эх сурвалж, тагнуулын баттай мэдээллийн дагуу цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн аж. Сирийн Дума хотод химийн зэвсэг хэрэглэсэн нь баттай мэдээлэл болохыг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй хэлж байна.

Тэгвэл Их Британи дахь Оросын Элчин сайдын яам дээрх цэргийн ажиллагаатай холбоотойгоор мэдэгдэл хийхдээ “АНУ болон түүний холбоотон улсууд худал үндэслэлээр худал үр дүнтэй цохилт хийлээ” гэжээ. Харин Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон “Бид Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг цаашид химийн зэвсэг хэрэглэхээсээ татгалзахад хүргэх болно. Энэ цэргийн ажиллагаа үр дүнтэй болж байгаа” гэсэн байна.

США и их союзники выпустили более 100 ракет по Сирии

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top