ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы Канцлер Ангела Меркельтэй утсаар ярьжээ. Тэд Сирийн нөхцөл байдлыг хэлэлцсэн байна. Путин “Барууны бүлэг орон олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон НҮБ-ын дүрэм журмыг бүдүүлгээр зөрчлөө. Сирийг түрэмгийлсэн энэ ажиллагаа нь хямралыг зохицуулах энх тайвны үйл явцад их хохирол учрууллаа” гэжээ.
Путин, Меркель нар Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчдийг Сирид бодитой, үнэн зөв шалгалт хийхийг сануулсан байна. Сирийн Дума хотод энэ сарын 8-нд химийн зэвсэг хэрэглэсэн дайралт болсон гэж АНУ болон түүний холбоотон орнууд мэдээлж буй. Харин Оросын Батлан хамгаалах яам Дума хотод химийн зэвсэг хэрэглэсэн гэх ул мөр байхгүйг мэдэгдсэн юм.
ОХУ, Германы удирдагч нар Сирийн хямралыг зохицуулахад дипломат хүчин чармайлтыг ихээр гаргахаар тохиролцжээ.
Өмнө нь Оросоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя “АНУ, Франц, Их Британи гурав энэ цэргийн ажиллагаагаараа Башар Асадыг Сирийн засгийн эрхнээс түлхэн унагахыг оролдож байна” гэсэн билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )