Сирид химийн зэвсэг хэрэглэсэн ул мөрийг ОХУ цэвэрлэсэн үү

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 20

 АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хезер Науэрт “ОХУ болон Сирийн тал Дума хотод химийн зэвсэг бүхий дайралт болсон газрыг цэвэрлэж, ул мөрийг нь арилгасан” гэж мэдэгджээ. Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээч нар Дума хот руу орж чадахгүй байгаа аж. “Бид үүнийг батална. Оросын албаны хүмүүс Сирийн дэглэмээр ажиллаж, шинжээчдийг Дума хот руу оруулахгүй байх арга хэмжээг авч байна” гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Тэгвэл Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова дээрх мэдээллийг үгүйсгэж “ОХУ Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээч нарын ажилд саад болж чадахгүй. Энэ бол худал мэдээлэл тарааж байгаа хэсэг орны хийж буй үйлдэл” гэсэн байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Сирид химийн зэвсэг бүхий дайралт болсон гэх мэдээллийг үгүйсгэдэг юм.

Сирид химийн зэвсэг бүхий дайралт болоогүйг Дума хотын эмнэлгийнхэн болон иргэд “RT” агентлагийн сурвалжлах багт батлан хэлсэн байдаг. Тухайлбал, 11 настай Хасан Диаб хүү “Биднийг байрныхаа подволд сууж байтал хүмүүс химийн зэвсэгтэй дайралт боллоо гэж хашгиралдсан. Эмнэлэг рүү яв гэж хашгирах чимээнээр бид ч тийшээ гүйсэн. Эмнэлэгт олон хүн, тэр дундаа хүүхдүүд очсон байсан. Эмнэлгийнхэн бидний хоолой, ам руу ус цутгаж, угаасан. Гэхдээ би зүгээр. Эмнэлэгт бидэнд печень, ундаа өгсөн. Гэрт маань идэх юм байхгүй” гэж ярьжээ. Хүүгийн аав ч гэр бүлийнхэн нь химийн зэвсэгт хордоогүй, эрүүл саруул байгааг хэлсэн билээ. Тэрбээр “Намайг гадуур явж байгаад иртэл хүмүүс “эхнэр хүүхдүүд чинь эмнэлэгт байгаа” гэсэн. Намайг очиход хүү их айчихсан сууж байсан. Эхнэр хүүхдүүд маань эрүүл саруул байгаа” гэжээ.

Дума хотын эмнэлгийнхэн ч “Хүмүүс химийн зэвсэг бүхий дайралтад өртлөө гэсээр олноороо ирсэн. Гэхдээ тэднээс химийн зэвсэгт хордсон гэх ямар ч шинж илрээгүй. Зарим хүн амьсгалахад бэрх байна гэж хэлж байсан ч аливаа дайралтын дараа утаанд хүний хоолой боогдож, бачимддаг шинж л илэрсэн байсан” гэжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(27.123.212.142) 2018 оны 04 сарын 20

Yalj baigaa Asad yah gej irgedee horduulhiin ter alban yosnii turiin terguun shuudee.

0  |  0
Top