Хойд Солонгосын цаг Өмнөдтэйгөө адил болно

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 30

 Хойд Солонгос ирэх сарын 5-нд цагаа Өмнөд Солонгостой нэг стандартад оруулах гэж байна. БНАСАУ-ын цагийн бүсийг Өмнөдийнхтэй адил болгох санаачилгыг Ким Жон Ун түрүүлж гаргасан талаар “Рёнхап” агентлаг мэдээлжээ.

Хойд Солонгос цагаа 30 минутаар урагшлуулан Өмнөд Солонгосынхтой адил болгох юм. Пхеньян 1910-1945 оны Солонгосын хойг дахь Японы колончлолын ул мөрийг арилгахын тулд цагаа 30 минутаар ухраах шийдвэрийг 2015 онд гаргаж байсан билээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун “Хоёр Солонгосын цагийн бүсийг адил болгох нь улс хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх алхам. Дээд хэмжээний уулзалтын үеэр хананд өлгөөтэй байсан Сөүл болон Пхеньяны цаг ялгаатай байгааг хараад сэтгэл эмзэглэсэн. Цагийн зөрүүний асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй юм байна гэж бодсон” гэжээ.

Хоёр Солонгосын удирдагчид өнгөрсөн баасан гарагт дээд хэмжээний уулзалт хийсэн билээ. Тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход хүчин чармайлт гаргахаар тохиролцсон юм. Түүнчлэн 1950-1953 оны Солонгосын дайныг дуусгасан түр эвлэрлийн гэрээг энэ онд багтааж энхийн гэрээ болгож өөрчлөхөөр тохиролцсон билээ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top