АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордоны ерөнхий эмч Ронни Жексоныг Ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайдаар томилохоо өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. Тэгвэл Трампын эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, адмирал Ронни Жексон сайдын албан тушаалаас татгалзжээ. Тэрбээр мөн Доналд Трампын эмч байхаа ч больж байгаа аж. “Би ойрын хугацаанд ажлаа хүлээлгэж өгнө” гэж тэрбээр “Politico”-д ярьжээ.
Америкийн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Цагаан ордоны ерөнхий эмчээр одоо тэнгисийн цэргийн хүчний офицер Шон Конли томилогдох аж. Тэрбээр Доналд Трамп эмчээрээ Ронни Жексоныг томилох хүртэл уг албан тушаалд байсан хүн юм.
Трампын итгэлийг хүлээж, сайдын албан тушаалд очтолоо дээшилсэн Ронни Жексоныг хүмүүс Ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайдын албан тушаалд тохирохгүй, ажлаа хангалтгүй хийдэг гэж буруутгаснаас болж Ерөнхийлөгчийн эмчийн ажлаа орхиж байгаа аж.
Доналд Трампын цохон томилсон хүмүүс нь түүнтэй хамт ажиллахаас татгалзсан тохиолдол олон. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон, Трампын хэвлэлийн төлөөлөгч, Цагаан ордоны бусад аппаратын дарга нар зэрэг олон хүн Доналд Трампын засаг захиргаанд ажиллахаасаа татгалзсан билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )