Мөнгө угаах гэмт хэрэг гэж юу вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 01

Олон улсын түвшинд мөнгө угаах гэсэн ойлголтыг өргөн хүрээнд хэрэглэдэг. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо нуусан, халхалсан, шилжүүлсэн үйлдэлд нь тухайн гэмт этгээдэд анх үйлдсэн гэмт хэрэг дээр нь давхардуулж ял, шийтгэл оноох эсхүл гэмт хэрэгт нь биечлэн оролцоогүй ч түүнээс олсон орлогыг хууль бус гэдгийг нь мэдсээр байж хүлээн авч, нууж, шилжүүлсэн бусад этгээдийг яллан шийтгэхэд мөнгө угаах гэсэн томьѐоллыг ашигладаг. Мөнгө угаахтай тэмцэхийн гол зорилго нь хэн нэгэн хүнд гэмт үйлдэлд нь давхар ял онооход бус харин бусад этгээдийг гэмт этгээдэд тус дэм үзүүлж болохуйц үйл ажиллагаа явуулахыг хязгаарлахад оршдог. Энэ нь нэг талаас мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх түүнд татагдан оролцохоос сэргийлэх ач холбогдолтой.

1. Олон улсын стандарт буюу НҮБ-ын 2000 оны Палермогийн конвенцид мөнгө угаах үйлдлийг дараах байдлаар тодорхойлжээ:

  • Tухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн хууль бус үүсвэрийг нуух, далдлах, эсхүл үндсэн гэмт хэргийг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд өөрийн үйлдлийн төлөө хүлээх хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор эд хөрөнгийг өөрчлөх буюу шилжүүлэх;
  • Tухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, шилжүүлэх, эзэмшигч буюу эд хөрөнгийн эрхийг нуух буюу далдлах;
  • Tухайн эд хөрөнгийг олж авах үед түүнийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийг олж авах, эзэмших буюу ашиглах;
  • Mөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд оролцох, хамтрах, үгсэн тохиролцох, үйлдэхийг завдах болон хамжих, хатгах, туслах болон зөвлөх гэж тодорхойлсон байдаг. 

2. Мөнгө угаах үе шат

   Мөнгө угаах нь гэмт хэрэгтнүүдийн хувьд хууль бус орлогын эх үүсвэрээ аливаа эрсдэлд оруулалгүйгээр түүнээс олсон ашиг, орлогоо тааваараа ашиглахад туслах, санхүүгийн аюулгүй байдлаа хамгаалахад чиглэгдсэн маш чухал үйл явц юм. Мөнгө угаах гэмт хэрэг нь байршуулах, тараах буюу гүйлгээнд оруулах, буцааж төвлөрүүлэх гэсэн 3 үе шаттайгаар хийгддэг. Эхний үе шат буюу байршуулах үе шатанд хууль бусаар олсон мөнгөө хаа нэгтээ байршуулах шаардлагатай байдаг. Тухайлбал, гэмт этгээд өөр хүний нэр дээр банкинд нээлгэсэн дансанд хууль бусаар олсон мөнгөө анхаарал татахааргүй хэмжээтэйгээр таслан хийх, үнэт цаас, чек, хувьцаа худалдан авах, эсхүл байр, байшин ч худалдан авах замаар байршуулж болно.

Хоёр дахь үе шатанд гарал үүслийг нь нуун далдлах, хууль ёсны орлого мэт харагдуулах зорилготойгоор нэгэнт байршуулсан мөнгөө эргэлтэнд оруулдаг. Жишээлбэл, худалдан авсан үнэт цаас, аяллын чекээ эргүүлэн зарах эсвэл гадаад худалдаа эрхэлж буй мэт харагдуулах зорилгоор мөнгө угаахтай тэмцэх хяналтын механизм бүрдүүлээгүй орнууд руу шилжүүлэх гэх мэт аргыг хэрэглэдэг.

Үүний дараа гурав дахь үе шат нь нэгэнт гарал үүслийг нь тогтооход бэрх болсон эсхүл хууль ёсны юм шиг харагдах болсон мөнгөө эргүүлэн өөрийн нэр дээр төвлөрүүлдэг ажээ. Мөнгө угаах гэмт хэргийн арга хэлбэр нь терроризмыг санхүүжүүлэхтэй ижил төстэй явагддаг тул энэ хоѐр гэмт хэргийг нягт холбодог. Гэвч агуулгын хувьд энэ хоѐр нь тусдаа явагддаг. Тухайлбал, мөнгө угаах нь хууль бус орлогыг хууль ѐсны юм шиг харуулахыг зорьдог байхад терроризмыг санхүүжүүлэх нь хууль ѐсны орлогоор хууль бус үйл ажиллагаанд зарцуулахыг зорьдог.

3.Хор уршиг

   Мөнгө угаах нь эдийн засаг, нийгмийн ихээхэн сөрөг үр дагавартай. Хууль бус мөнгө гаднаас орж ирсэн бол зорилгодоо хүрээд гэнэт орж ирсэн шигээ гэнэт буцаад гарна. Их хэмжээний мөнгө гэнэтийн шилжилт нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг эвдээд зогсохгүй хямралд ч хүргэж болох юм. Үүний зэрэгцээ олон улсын тавцанд дотоодын банк, санхүүгийн байгууллагуудын нэр хүнд унах, банк, санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж байгаа гадаад гүйлгээг саатуулан шалгах, тэдгээртэй харилцахаас татгалзах хүртэлх арга хэмжээг гадны орнууд авч болох юм.

   Хууль бус мөнгө дотоодынх бол энэ нь хээл хахууль, авлигыг гааруулах, шударга өрсөлдөөнийг хавчих, шударгаар бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахаж монополь байдал бий болгох зэрэг олон сөрөг үр дагавартай. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо дутуу хөгжсөн орнуудыг мөнгө угаагчид ашиглах эрсдэл өндөр юм. Манайх шиг жижиг эдийн засагтай улс оронд хөрөнгө оруулалт, мөнгөний хэрэгцээ их байгаа нь ойлгомжтой. Тэр ч хэмжээгээр банкуудад хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалтыг дэмжих сонирхол их байгаагийн зэрэгцээ банкаар дамжиж байгаа орлого, хөрөнгийн цаад эх үүсвэр, бизнесийн мөн чанарын талаар сонирхох, судлах хэрэгцээ байхгүй мэт ойлгосоор удлаа. Гэтэл энэ байдал нь эргээд санхүүгийн системийн найдвартай, тогтвортой байдалд заналхийлж болзошгүй байна.

   Монгол Улсад 2006 оны 7 дугаар сард “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хууль батлагдаж мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны үндэс суурь тавигдсан. Энэ хуулийн дагуу 2006 оны 11 дүгээр сарын 29 -нд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Санхүүгийн мэдээллийн алба (СМА) Монгол банкны харьяанд үйл ажиллагаа явуулж байна.

4.Мөнгө угаах хэлбэр

   Авлигатай холбоотой: МУЭ/ТСТ арга хэмжээний хүчийг сулруулах улмаар мөнгө угаалтыг хөнгөвчлөхөд хүргэж болзошгүй авлига (албан тушаалтнуудад хахууль өгөх), үүнд улс төрийн нөлөөтэй хүмүүс (УТНХ)-ийн боломжит нөлөөлөл багтана.

Валютын арилжаа/бэлэн мөнгөний хөрвүүлэлт: Илрүүлэлтийн эрсдлийг багасгахын тулд улс хооронд зөөвөрлөх, эсвэл валютын арилжааны тайлагналтад сул шаардлага тавьдаг байдлыг ашиглах, тухайлбал мөнгийг өөр улс руу тээвэрлэхийн тулд замын чек худалдан авах.

Бэлэн мөнгө зөөвөрлөгчид/валют зөөвөрлөх: Гүйлгээний/бэлэн мөнгөний тайлагнах арга хэмжээнээс бултахын тулд валютыг нууцаар шилжүүлэх.

Мөнгө тушаах бүтцийг өөрчлөх (Structuring/smurfing): Мэдээлэх үүрэг хүлээлгэн тогтоосон босго хэмжээнээс зайлсхийхийн тулд олон гүйлгээг (дансанд мөнгө тушаах, данснаас зарлагадах, шилжүүлгүүд) янз бүрийн хүмүүс их хэмжээний мөнгийг жижиг дүнтэйгээр зарим үед олон тооны дансанд шилжүүлэх арга юм.

Зээлийн картууд, чекүүд болон энгийн вексель (promissory note) г.м: Ихэвчлэн өөр улсын санхүүгийн байгууллага дахь мөнгөнд/санд нэвтрэх хэрэгслээр ашигладаг.

Шилжүүлэх боломжтой үнэт эдлэлийг худалдан авах (үнэт чулуу, үнэт металл г.м): Өмчлөлийг нь нуух, эсвэл илрүүлтэд өртөхгүй байдлаар зөөх болон санхүүгийн салбар дахь МУТСТ арга хэмжээнээс зайлсхийх техник – жишээ нь очир эрдэнийг өөр улс руу зөөх.

Үнэтэй хөрөнгө худалдан авах (үл хөдлөх хөрөнгө, морин уралдаан, автомашин г.м): Гэмт хэргийн орлогоор өндөр үнэ бүхий арилжих боломжтой бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийснээр гэмт хэргээс олсон орлого гэдгийг нь нууж, тайлагнах шаардлагад бага хамааралтай байдлыг ашиглах.

Бараа солилцоо (бартер): Санхүүгийн салбарын МУТСТ арга хэмжээнээс зайлсхийхийн тулд мөнгө болон санхүүгийн хэрэгслийг хэрэглэхгүйгээр героиныг алтны гулдмайгаар шууд солилцох.

Бэлэн бус шилжүүлгийг хэрэглэх: Илрүүлэлт болон хураан авах арга хэмжээнээс зайлсхийхийн тулд санхүүгийн байгууллагуудын хооронд ихэвчлэн нөгөө улс орон руу электрон шилжүүлэг хийх.

Нууц банк/албан бус гуйвуулгын үйлчилгээ (hawala, hundi г.м): Итгэлцлийн сүлжээн дээр суурилсан албан бус механизмыг ашиглан мөнгө гуйвуулах. Голдуу уламжлалт банкны салбартай зэрэгцэн оршдог бөгөөд зарим улс оронд хууль бус (албан бус) гэж тооцогддог байна. Уг сүлжээг мөнгө угаагч болон терроризмыг санхүүжүүлэгч этгээдүүд ашиглан хөрөнгийг илрүүлтэнд өртүүлэхгүй, өөрсдийн хяналтанд буй мөнгөний гарал үүслийг нуун шилжүүлдэг

Худалдаанд суурилсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх ажиллагаа: Санхүүгийн тунгалаг байдлын хууль зохицуулалтуудаас зайлсхийхийн тулд худалдааны санхүүжилтын замууд болон бараа бүтээгдэхүүнийг ашиглан ихэнх тохиолдолд нэхэмжлэхийг өөрчлөх.

Тоглоомын үйл ажиллагаанууд (казино, морин уралдаан, интернетээр бооцоотой тоглох г.м): Мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах буюу хууль ѐсны тоглогчоос хожлын тасалбарыг худалдан авах; казиногийн чипийг гэмт хэрэгтэй холбоотой гүйлгээнд төлбөрийн хэрэгсэл болгон хэрэглэх; онлайн мөрийтэй тоглоомыг гэмт хэргийн орлогыг нуухад ашиглах.

Ашгийн бус байгууллагыг ашиглах (ТББ): Террорист санг өсгөн арвижуулах, мөнгөний эх үүсвэр болон мөн чанарыг нуун далдлах, террорист санг түгээхэд ашиглах.

Санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх: Арилжих боломжтой хэрэгслүүдийг худалдан авах замаар гэмт хэргийн орлогын эх үүсвэрийг нуун далдалж, тайлагналтын харьцангуй доогуур шаардлагыг ашиглах.

Холих ( mingling=бизнесийн хөрөнгө оруулалт): Мөнгө угаалтын үндсэн алхам буюу гэмт хэргийн орлогыг хууль ѐсны мөнгөтэй холилдуулан эх үүсвэрийг нь нуун далдлах юм.

Халхавч компаниуд/корпорацуудыг ашиглах: Хөрөнгийг хянаж буй этгээдийг таньж мэдэхээс зайлсхийж, тайлагналтын харьцангуй доогуур шаардлагыг ашиглах.

Оффшор банкууд/бизнесүүд, тухайлбал итгэлцлийн үйлчилгээ үзүүлэгч компанийг ашиглах: хөрөнгийг хянаж буй этгээдийг таньж мэдэхээс сэргийлж, дотоодын эрх бүхий байгууллагын хориг хязгаарлалтаас зайлсхийхийн тулд мөнгийг шилжүүлэх.

Итгэмжлэгдэгч, итгэлцлүүд, гэр бүлийн гишүүд болон гуравдагч талуудыг ашиглах: Хууль бус хөрөнгийг хянаж буй этгээдүүдийг таньж мэдэхээс сэргийлэх зорилготой.

Гадаадын банкны дансуудыг ашиглах: Дотоодын эрх бүхий байгууллагын хориг хязгаарлалтаас холдуулах болон хууль бус хөрөнгийг хянаж буй этгээдийг таньж мэдэхээс зайлсхийхийн тулд мөнгийг шилжүүлэх.

Бусдын хувийн мэдээлэл/баримт бичгийг хулгайлан ашиглах/ (identity fraud/false identification): Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх олон аргуудтэй холбоотой этгээдийг таньж мэдэхээс зайлсхийх.

Мэргэжлийн үйлчилгээний “хаалгач”-дыг ашиглах (хуульчид, нягтлан бодогчид болон боркерууд г.м): Хөрөнгийн эцсийн өмчлөгчид болон хууль бус мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилготой юм. Түүнчлэн гэмт хэрэгтнүүдэд мөнгө угаах “мэргэжлийн” зөвлөгөө өгөхөөр авлига авсан мэргэжилтнүүдийг хамааруулж болно. Төлбөрийн шинэ технологиуд: мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх сүүлийн үеийн төлбөрийн технологиуд. Жишээлбэл, гар утсанд суурилсан гуйвуулга болон төлбөрийн систем.


zindaa.mn

Д.Дорж

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(139.5.219.154) 2018 оны 05 сарын 01

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ СТАНДАРТ БАНКНЫ БАРЬЦААНД ТАВЬСАН ГЭХ АСУУДАЛД Ш.БАТХҮҮ ӨӨРӨӨ ХУУРАМЧ ГАРЫН ҮСГҮҮДИЙГ ЗУРЖ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭЖ, МОНГОЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА, ОЛОН УЛСЫН АРБИТРИЙН ШҮҮХЭЭР ТОГТООГДООД БАЙХАД АЖЛАА ЗОХИХ ЁСООР ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХОРИОД БАЙГАА НЬ ЦААНАА УЛС ТӨРИЙН АГУУЛГАТАЙ, ЯВУУЛГА ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ Л ХАРАГДААД БАЙХ ЮМ. МОНГОЛД МАФИЙН ШИНЖТЭЙ УЛС ТӨРИЙН БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН Н

0  |  0
Top