НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш АНУ-д хандан Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх олон улсын хэлэлцээрээс гарахгүй байхыг уриалав. АНУ энэхүү хэлэлцээрээс гарвал Иран улс цөмийн зэвсэгтэй болно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байгаа аж. Антониу Гутерреш “Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг хэвээр авч үлдэхгүй бол дайн дэгдэх эрсдэлтэй. Тохиролцоонд хүрч, хэлэлцээр байгуулсан нь маш чухал дипломат ялалт. Иймээс хэлэлцээрийг хадгалж үлдэх нь чухал байна. Эс бөгөөс бид маш аюултай зүйлтэй тулгарах болно” гэж “BBC” агентлагт ярьжээ.
Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцалж, хариуд нь тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээрийг 2015 онд АНУ тэргүүтэй зургаан улстай байгуулсан юм. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп “Барак Обамагийн засаг захиргааны үед байгуулсан энэ хэлэлцээр нь маш муу, аймшгийн зүйл” гэсэн билээ. Тэрбээр АНУ-ыг энэ хэлэлцээрээс гаргана гэсээр байгаа юм. Эцсийн шийдвэр энэ сарын 12-ны өдөр гэхэд гарсан байх аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )