АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс гарах эсэхээ өнөөдөр зарлана

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 08

 АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс гарах эсэхийг өнөөдөр шийдэх аж. Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан “Би шийдвэрээ мягмар гарагийн үдээс хойш зарлана” гэжээ. Харин бусад улс АНУ-ыг дээрх хэлэлцээрээс гарахгүй байхыг ятгаж байгаа юм. АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс гарвал Иран цөмийн зэвсэгтэй болно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш анхааруулж буй.

Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээрийг 2015 онд АНУ тэргүүтэй зургаан улстай байгуулсан юм. Харин Доналд Трамп энэ хэлэлцээрийг маш муу гэж тодорхойлдог. Дэлхийн бусад улс түүхэн чухал хэлэлцээр гэж үнэлдэг дээрх хэлэлцээрээс АНУ-ыг гаргахгүй байхын тулд гэрээнд өөрчлөлт оруулж, шинэчлэн байгуулах саналыг Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Цагаан ордонд Доналд Трамптай уулзах үеэрээ дэвшүүлсэн билээ. Гэвч Иран улс энэ хэлэлцээрт ямар нэгэн өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцсэн юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top