Барак Обама: Трамп маш ноцтой алдаа хийлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 09

 АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс гарч байгаагаа зарлалаа. Доналд Трампын энэхүү шийдвэр нь олон улсын зүгээс шүүмжлэлтэй тулгарч, болгоомжлол дагуулж байна. Д.Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг авсан эдийн засгийн хоригоо сэргээхээр шийдсэн юм. Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээрийг 2015 онд АНУ тэргүүтэй зургаан улстай байгуулсан байдаг. Харин Барак Обамагийн засаг захиргааны үед байгуулсан энэ хэлэлцээрийг Доналд Трамп маш муу гэрээ гэж үзэж, АНУ-ыг хэлэлцээрээс гаргана гэсэн юм.

Европын Холбооны аюулгүй байдал, гадаад хэргийн асуудал эрхэлсэн дээд түшмэл Федерика Могерини Доналд Трампын шийдвэртэй холбоотойгоор мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Бид хамтдаа бүх нийтийн эрх ашигт нийцсэн хэлэлцээрт хүрсэн. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийн ямар нэгэн зүйлтэй нь зохицохгүй байгаа бол нэгдсэн шийдэл олох ёстой байсан. Бид Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг хэвээр нь хадгалж үлдэх болно” гэв.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс Америкийг гаргасан Доналд Трампын шийдвэрийг маш ноцтой алдаа гэжээ. Б.Обама “Энэ хэлэлцээр нь Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоож, тус улсыг цөмийн зэвсэгтэй болохоос урьдчилан сэргийлж чадсан. Энэ түүхэн хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж байгаа нь маш ноцтой алдаа. Манай Европын холбоотнууд, олон улсын шинжээч, ажиглагч нар болон АНУ-ын Батлан хамгаалахын сайд ч надтай адил бодолтой байгаа” гэсэн байна.

Доналд Трампын шийдвэртэй холбоотойгоор Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф “Иран улс цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрт оролцогч бусад улстай хийх яриа хэлэлцээрээс хамаарч хариу арга хэмжээ авна. АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс хууль бусаар гарлаа" гэжээ.

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг 2015 оны зургадугаар сард Иран болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болох ОХУ, Их Британи, Хятад, АНУ, Франц, Герман улс байгуулсан юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top