Өнөөдөр Аугаа их эх орны дайны ялалтын 73 жилийн ойн баярын өдөр. ОХУ-д энэ өдөр Улаан талбайд баярын сүрт жагсаал болдог. Энэхүү жагсаалаар Оросын армийн орчин үеийн шинэ зэвсэг, техникийг дэлхий дахин хардаг билээ. Түүнчлэн баярын хурлууд, ёслолын хүлээн авалт зэрэг олон арга хэмжээ болдог билээ.
ОХУ-ын Дотоод хэргийн яамны ажилтан, албан хаагчид Улаан талбай дахь жагсаалын үеэр аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын жагсаалыг нээж үг хэлсэн бол Ерөнхий сайд Дмитрий Медведев “Twitter” хуудсаараа дамжуулан ард түмэндээ Ялалтын баярын мэнд хүргэжээ.
Оросын олон хотод “Бессмертный полк” үйл ажиллагаа болно. Энэхүү үйл ажиллагаа хилийн чанадад ч болдог юм.
Улаан талбай орж амжаагүй болон алслагдсан хотуудад байгаа иргэдэд баярын жагсаал болон бусад үйл ажиллагааг том дэлгэцээр шууд дамжуулж байна.
Екатеринбург хотод л гэхэд 2200 гаруй цэргийн албан хаагч Ялалтын баярын жагсаалд оролцож байна.
Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан юм. Энэ дайнд 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь нь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан билээ.
Дайнд нийт 70 сая хүн амь үрэгдсэний дийлэнх нь энгийн иргэд байв.
1945 оны тавдугаар сарын 9-нд фашист Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан юм.
Үүний дараа ЗСБНХУ-ын удирдагч И.В.Сталин ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Эх орны дайн бидний бүрэн ялалтаар өндөрлөлөө. Нөхөд өө! Эх орон нэгт эрэгтэй, эмэгтэй ард иргэд ээ! Өнөөдөр Германыг ялсан аугаа ялалтын өдөр. Улаан арми болон манай холбоотнуудын дайчдын өмнө фашист Герман өвдөг сөхрөн ялагдлаа хүлээн зөвшөөрч, үг дуугүй бууж өглөө” гэж байв.
1945 оны тавдугаар сарын 9. Улаан талбай дээрх Ялалтын баяр.
Улаан талбайд болдог ёслолын сүрт жагсаал бол энэ өдрийн гол утга учир. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Ерөнхийлөгч байхдаа Ялалтын баярыг ОХУ-ын 10 гаруй хотод нэгэн зэрэг эхлүүлэх зарлиг гаргасан билээ.
Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайныг бие, сэтгэлээрээ эсэргүүцэж, ЗХУ-д тус хүргэж байсан юм. Энэ ялалтад Монголын ард түмний оролцоо их. Тухайлбал, 1942 онд “Хувьсгалт Монгол” танкийн цуваа байгуулж Зөвлөлтийн Улаан армид бэлэглэж байв. Энэ цувааг байгуулахад зориулж ард түмний хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан 30 кг шижир алт, 100 мянган ам.доллар, 2.5 сая төгрөгийг шилжүүлж байлаа.
1943 онд “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргаж байв.
Улаан армид 500 мянган агт морь бэлэглэсэн. Монгол морьд орос танктай хамт Берлин орсныг Оросын ард түмэн үеийн үед дурсдаг.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )