Хүчиндүүлэхгүйн тулд аргагүй хамгаалалт хэрэглэсэн бүсгүйд цаазын ял оноожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 15

Суданд Нура Хусейн гэх 19 настай бүсгүйг дүүжлэхээр болсон нь олон улсын хүний эрхийн байгууллагуудын анхаарлыг татаж, иргэд ч бүсгүйг хамгаалах хөдөлгөөнийг цахимаар өрнүүлээд байна. Бүсгүйн гэр бүлийнхэн түүнийг Абдулрахман Хаммад гэгчтэй гэрлэхийг гурван жилийн өмнөөс тулгажээ. Гэвч бүсгүй зугтсан байна. Нура өнгөрсөн дөрөвдүгээр сард гэртээ ирэхэд төрөл төрөгсөд нь түүнийг нөхөрт гаргах гэж дахиж шаардахгүй гэж амлажээ. Гэвч тэд Нураг хуурсан байсан аж. Бүсгүйг нөгөө залуутай нь хүчээр гэрлүүлжээ.

Нура нөхөртэйгөө бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй учир Абдулрахман түүнийг хүчирхийлжээ. Хамгийн аймшигтай нь Нурагийн гэр бүлийнхэн нь бүсгүйн гарыг барьж, эсэргүүцлийг нь хориглож байгаад бэлгийн харьцаанд оруулсан байна. Дараагийн өдөр нь Абдулрахман Нураг дахиад хүчиндэхийг оролджээ. Харин Нура өөрийгөө хамгаалж, нөхөр нь түүнийг сүрдүүлдэг байсан хутгаар өөрийг нь шархдуулсан байна. Нөхөр нь шархнаасаа болж нас баржээ. Суданы эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэсэн заалт байдаггүй учир Нура хийсэн үйлдлээ аргагүй хамгаалалт байсан гэж нотолж чадаагүй аж.

Суданы шүүхээс энэ сарын 10-нд бүсгүйд дүүжилж хороох ял оноожээ. Түүний өмгөөлөгч нар 15 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Иймээс интернэт хэрэглэгчид бүсгүйг хамгаалах кампанит ажил өрнүүлж байгаа аж. Их Британид төвтэй олон улсын төрийн бус байгууллагаас судан бүсгүйд оноосон ялыг аймшигт хатуу арга хэмжээ гэж үзэж байгаагаа илэрхийлж байгаа юм.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.123.214.114) 2018 оны 05 сарын 16

Эцэг эх гэр бүлийнхэн гэж мөнгөнд боомилуулсан новшнууд байх.энэ бүсгүйн ирээдүй сайнаар байгаасай гэж хүсэж байна

0  |  0
хөөрхий дөө(202.9.41.57) 2018 оны 05 сарын 15

Эцэг эх, гэр бүл нь гэж яачихсан малнууд вэ,

0  |  0
Top