Орост Хөлбөмбөгийн ДАШТ болохын өмнөхөн нэгэн асуудал сөхөгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 24

Донбассын тэнгэрт сүйрсэн Малайзын Boeing MH17 онгоцоор зорчиж яваад амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн ОХУ-д мөдхөн эхлэх Дэлхийн Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний өмнө оросын ард түмэнд хандахаар шийдсэн байна.

“Дэлхийн аваргын тэмцээн сайн санааны уур амьсгалтайгаар явагдан өндөрлөх болтугай” хэмээн мэдэгдэлд хүсээд, дэлхийн хамгийн нэр хүндтэй энэхүү тэмцээн өөрсдийнх нь хайртай хүмүүсийн үхэлд гэм буруутай хүмүүс удирддаг оронд явагдах гэж байгааг бүү мартаарай гэж нээлттэй захидлын зохиогчид өгүүлжээ.

“Оросын удирдагчид тэмцээний үеэр дэлхий дахинд хандан ямар ч гэмгүй хүмүүс мэт халуухан мэндчилгээ дэвшүүлэх болно гэж төсөөлөхөөр бидний сэтгэл зүрх хөндүүрлэх мэт болж байна. Тэд бол бидний гэр бүлийн аз жаргалыг сүйрүүлсэн гол буруутнууд. Гэвч тэд 2014 оны зургадугаар сард тохиолдсон тэрхүү аймшигт өдрийн хариуцлагаас мултрахын тулд үнэнийг далдлан нуухыг хичээнгүйлэн хүсч байгаа хүмүүс” гэж захидалд дурдсан байна.


2014 оны зургадугаар сарын 17-нд тохиолдсон онгоцны сүйрлийг мөрдөн шалгах ажиллагаа одоог хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд Малайз, Австрали, Бельги, Украин, Нидерландын төлөөлөгчдөөс бүрдсэн олон улсын мөрдөх багийнхны ажлын үнэнч шударга, хичээнгүй нягт нямбай байдалд итгэж буйгаа тэд илэрхийлсэн аж.


Дашрамд дурдахад, Malaysia Airlines нисэх компанийн Boeing 777 онгоц Амстердамаас Куала-Лумпур руу 2014 оны зургадугаар сарын 17-нд нислэг үйлдэж явахдаа Донецк мужийн тэнгэрт сүйрч, 298 хүн амь үрэгдсэн билээ. МН17 нислэгээр нийт 10 орны зорчигчид явсан бөгөөд тэдний ихэнх нь буюу 196 нь Нидерландын иргэд байсан юм.  

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(50.99.241.108) 2018 оны 05 сарын 24

2014.7 sarin 17 shuu dee!

0  |  0
Top