Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Эрхүүгийн худалдааны төвд найман хүүхэд галд өртжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 05

 Зургадугаар сарын 1 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Эрхүү хотын томоохон худалдааны төвүүдийн нэг “Комсомолл”-д гал гарчээ. Барилгын галын аюулгүй байдлын дохиолол ажиллаагүй байна. Уг худалдааны төвд байх Шинжлэх ухаан, зугаа цэнгээний төв “Gravity”-д хүүхдүүдэд зориулсан физик, химийн салбарын арга хэмжээ болж байжээ. Туршилтад шингэн азот хэрэглэж, цахилгаан болон химийн урвалууд явагдаж байсан гэж мэргэжилтнүүд ярьсан байна. Нэгэн туршилтын үеэр хий шатаж /зарим эх сурвалж спирт шатсан гэж мэдээлжээ/ дөл маш хурдан гал болон хувирчээ.

Галд 5-13 насны найман хүүхэд өртсөн байна. Тэд эхний эгнээнд сууж байсан аж. Одоо дөрвөн хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байгаа бол, хоёр нь өдрөөр эмчилгээ хийлгээд явахаар хөнгөн байгаа гэнэ. Эрхүү хотын Гуравдугаар эмнэлгийн Түлэнхийн тасгийн эрхлэгч Андрей Щедреев “РИА Новости” агентлагт ярихдаа “Галд өртсөн хүүхдүүдийн хоёрт нь мэс засал хийж магадгүй байна. Өөр хоёр хүүхдийн нүд гэмтсэн. Гэхдээ азаар энэ нь тийм хүнд гэмтэл биш” гэжээ.

“Gravity” шинжлэх ухааны төвийн ажлыг зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top