Хүчирхийллээс өөрийгөө хамгаалсныхаа төлөө цаазын ял сонсоод байгаа Суданы иргэн Нура гэх бүсгүйг суллахыг шаардсан аян дэлхий даяар өрнөж байгаа билээ. Түүнд тохиолдсонтой адил зүйлийг амсч, цаазлуулсан болон цаазын ялаас мултарч чадсан хоёр бүсгүйн түүхээс хүргэж байна.
Иран
2014 оны аравдугаар сард Иранд 26 настай Рейхан Жаббариг тус улсын тагнуулын газрын экс ажилтны аминд хүрсэн гэж цаазалжээ. Рейханы ярьснаар залуу түүнийг хүчиндэхийг завдсан байна. Бүсгүй өөрийгөө хамгаалах үйлдэл хийж, түүнийг хутгалжээ. Гэхдээ тэрбээр яаралтай түргэн тусламж дуудсан байна.
Хэргийг мөрдөх ажил бараг долоон жил үргэлжилжээ. Эрэгтэйн ар гэрийнхэн бүсгүйд оноосон ялыг зөөлрүүлэхийг хүсч, торгуулийн мөнгийг авч болох байсан ч түүнийг цаазаар авахуулжээ. Бүсгүйг 2014 онд эмэгтэйчүүдийн шоронгийн хашаанаас дүүжилсэн байна.
Саудын Араб
2011 онд Индонезийн иргэн Дарсем бинти Дауд Тауарт цаазын ял оноожээ. Түүнийг ажил олгогчийнхоо хамаатныг хөнөөсөн гэж буруутгасан байна. Бүсгүй Йемений иргэний Саудын Араб дахь гэрт нь ажилладаг байжээ. Харин эзнийх нь нэгэн хамаатан түүнийг хүчирхийлэхийг завдсан байна. Дарсем аргагүй хамгаалалт хийснээр эрэгтэй нас баржээ.
Саудын Арабын шүүх бүсгүйн толгойг нь таслах аргаар цаазын ялыг гүйцэтгэх шийдвэр гаргажээ. Харин уг шийдвэртэй зэрэгцэн Дарсемыг хүчиндэх гэсэн эрэгтэйн гэр бүл бүсгүйд цаазын ял оноохгүй байхыг хүссэн байна. Дарсем тэдэнд 533 мянган доллар төлөх юм бол амьд гарч, хүү дээрээ очиж чадах байв. Индонезийн цахим ертөнцөөр хүмүүс уг мөнгийг цуглуулах ажлыг өрнүүлж, эцэст нь мөнгөний ихэнхийг Индонезийн Засгийн газар төлжээ. Тийнхүү бүсгүй Индонез руугаа гэртээ харьж чадсан байна.
Судан
Харин энэ бүсгүйн амь хутганы ирэн дээр байна. Нура Хусейнийг 16 настай байхад аав нь хүчээр нөхөрт гаргах гэжээ. Охин татгалзаж, гэрээсээ зугтан нагацындаа очсон байна. Гурван жилийн дараа аав нь түүнийг гэртээ ирэхийг хүсч, хуримыг нь цуцалсан гэж худал хэлжээ. Нураг гэртээ ирэхэд нөхөр болох хүн нь хүлээж байсан гэдэг. Гэр бүлийнхэн нь бүсгүйг хүчээр нөхөрт гаргаж, Нура хуримын эхний өдрөө нөхөртэйгөө бэлгийн харьцаанд орохоос татгалзжээ. Харин дөрөв дэх өдөр нь нөхөр нь гэр бүлийнхнээ дуудаж, Нураг бариулж байгаад хүчирхийлсэн байна. Тэрээр дараагийн өдөр нь дахин уг үйлдлээ давтах гэхэд Нура хутга барин өөрийгөө хамгаалах арга хэмжээ авчээ. Тэр үед залуу шархдаж нас барсан байна.
Хамгийн аймшигтай нь Нураг аав нь цагдаад барьж өгчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд бүсгүйд цаазын ял оноосон билээ. Тавдугаар сарын 5-нд 16 настай франц охин Зейнуб мэдээнээс Судан охины эмгэнэлт түүхийг уншаад Нураг хамгаалж, “Change.org” гэх гарын үсэг цуглуулах хөдөлгөөн эхлүүлсэн юм. Бүсгүйг суллахыг шаардсан бичигт гурван долоо хоногийн дотор 1.2 сая хүн гарын үсгээ зуржээ. Бичгийг Франц, Герман, Итали болон Их Британи дахь Суданы Элчин сайдын яаманд дамжуулаад байна. Бүсгүйн өмгөөлөгч нар давж заалдсан ч Нураг дүүжилж хөнөөх цаазын ял хэвээр байгаа аж.
Нөхрийнх нь ар гэрийнхэн торгууль болон ялыг хөнгөлөхөөс татгалзжээ. Нурагийн хувь заяанд Судан улс төдийгүй дэлхий даяар сэтгэл зовниж байна. Цахим сүлжээний хэрэглэгчид бүсгүйг хамгаалж #JusticeForNoura гэх кампанит ажлыг өрнүүлж байгаа юм. Хүний эрхийн байгууллагууд болон НҮБ-ын төлөөлөгч нар Суданы шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн билээ. Европын парламентын гишүүд Нура Хусейний хэрэг дээр анхаарал тавин ажиллаж байгаа аж.
Нура одоо Омдурман хотын шоронд хоригдож байна. Шоронгийнхон ч түүнийг аврагдана гэдэгт найдаж байгаа гэнэ. Бүсгүй “Би эндээс суллагдаад хууль эрхзүйн чиглэлээр ажиллаж, буруугүй хүмүүст туслахыг мөрөөддөг” гэж ярьжээ.
Супер модель Наоми Кэмпбелл Нураг аврахыг уриалж байна.
Сэтгэгдэл ( 8 )
монголд ч гэсэн аргагүй хамгаалалт хийгээд ял авсан эмэгтэйчүүд зөндөө шалтгаан нь хууль нь тэнэг, хуулчид нь тэнэг, өмгөөлөгчид нь тэнэг.монгол улсын хуулийн аргагүй хамгаалалт гэсэн тодортойлолтыг олон хуульч өмгөөлөгчидөөс асуухад тодорхой тайлбар хэл чадахгүй байсан
монголд ч гэсэн аргагүй хамгаалалт хийгээд ял авсан эмэгтэйчүүд зөндөө шалтгаан нь хууль нь тэнэг, хуулчид нь тэнэг, өмгөөлөгчид нь тэнэг.монгол улсын хуулийн аргагүй хамгаалалт гэсэн тодортойлолтыг олон хуульч өмгөөлөгчидөөс асуухад тодорхой тайлбар хэл чадахгүй байсан
Энэ судан арай л муухай газар.
ene elgiin daldagnuur amerik neeh hudlaa hunii erh hunii erh geed l dalichignaad oron oron ruu uscheed baidag baij ene saudiin arabiin hunii erhiig yaridaggui yum bol.tegeheer amerik bol hamgiin hudlaa humuus gedeg ni todorhoi
Сонин шүү. Саудын Арабд яагаад хүний эрх ардчилал гэж дөвчигнөдөггүй харин ч бүр АНУ үе үеийн ерөнхийлөгчид өөрсдөө очиж бараалхдаг нь...
Нура аврагдаасай бурхан минь. Иран бүсгүйг цаазалсан явдал их аймшигтай байна