Реалити шоуны од Ким Кардашьян өнгөрсөн сарын сүүлчээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай биечлэн уулзаж чадсан билээ. Тэрбээр Ерөнхийлөгчтэйгөө шоронгийн шинэчлэлийн талаар ярилцаж, бүх насаараа хоригдох ял сонссон 63 настай Элис Мэри Жонсон гэх эмэгтэйг өршөөхийг Доналд Трампаас гуйсан юм. Уг эмэгтэй мансууруулах бодис хадгалсан хэргээр ял сонссон байжээ. Тэгвэл Доналд Трамп эмэгтэйг өршөөж, тэрбээр энэ сарын 5-нд эрх чөлөөтэй болсон байна. “Энэ бол хамгийн сайхан мэдээ!!!” гэж Ким Кардашьян “Твиттер” хуудсандаа бичжээ.
Элис Жонсон нь шоронд 21 жилийг өнгөрүүлсэн байна. Түүнийг мансууруулах бодис зөөж явахад нь баривчилжээ. Шүүхийн шийдвэрээр эмэгтэйг гурван тонн кокаинийг нууцаар хил давуулах гэж байсан хэмээн буруутгаж, ямар ч батлан даалтаар суллах нөхцөлгүйгээр бүх насаар нь хорих ял оноосон байв. Гэхдээ тэрбээр урьд нь шүүгдэж байгаагүй, хэний ч аминд хүрээгүй байхад бүх насаараа хоригдох болсныг Ким Кардашьян тэргүүтэй АНУ-ын идэвхтнүүд эсэргүүцсэн юм. Элис гарцаагүй нөхцөл байдлын улмаас мансууруулах бодис наймаалсан гэж мэдүүлсэн байдаг. Нөхөр нь гэр бүлээ орхиж, Элис хүүхдүүдээ тэжээхийн тулд мөнгө олох хэрэгтэй болжээ. Ким Кардашьян болон түүнийг хамгаалж дэмжсэн бусад идэвхтний үзэж байгаагаар Элис хэний ч аминд хүрээгүй, хэний ч биед гэмтэл учруулаагүй учраас хоёр дахь боломж олгох ёстой аж.
Эрх чөлөөтэй болж, баярласан Элис Ким Кардашьяныг “тэмцлээ зогсоогоогүй сахиусан тэнгэр” гэжээ. Тэрбээр одоо амьдралаа шинээр эхэлнэ гэсэн байна. Элис хоригдож байх хугацаандаа эмээ болж, түүнийг өнөр өтгөн гэр бүл угтан авчээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 3 )
agyy saihan setgel hvnd byan bolson hvnd byan irnee
Saihan setgel aguu yum aa
Хар арсьтнууд хар арсьтнаа л хамгаалана ш дээ