АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс бүрэн хэмжээний худалдааны дайн дэгдээхийг зэхэж байгаа нь дэлхийн эдийн засагт ноцтой сөрөг үр дагаврыг авчирч байна хэмээн New York Times сонин бямба гаригийн дугаартаа өгүүлжээ
Тэнд дурдсанаар, АНУ-ын зүгээс өөрийн “холбоотнуудын ч, өрсөлдөгчдийн ч харилцаанд” татвараар далайлгаж байгаа нь дэлхийн худалдааны үйл явцыг нурааж байна гэсэн аж. Эдийн засгийн хөгжлийг саармагжуулах дарамтын шинж тэмдгүүд түрүүчээсээ илэрч байна хэмээн тэнд мөн тэмдэглэсэн байна.
New York Times дараах сөрөг үр дагавруудыг тоочжээ: дэлхий дахинаа усан боомтууд болон нисэх буудлуудын ачааны терминалуудаар дамжуулж бараа бүтээгдэхүүн зөөвөрлөлт удааширсан, чухал түүхий эдүүдийн үнэ ханш өссөн, Германаас Мексик хүртэлх үйлдвэрүүдийн захиалгын тоо багассан, эцэст нь хөрөнгө оруулалт хумигдсан гэжээ.
Агаарын тээвэрлэлтийн олон улсын нийгэмлэгийн тоо баримтаас харахад, 2018 оны эхний гурван сард агаарын ачаа тээвэрлэлтийн хэмжээ буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс өмнө өнгөрсөн хоёр жилийн туршид уг үзүүлэлт байнга өсөлтийн байдалтай гарч байсан аж.
Олон улсын Валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард худалдааны дайнаас шалтгаалан үүдэх макро эдийн засгийн хор хохирол ноцтой байж болзошгүй гэж мөн урьдчилан таамагласан байна. Лагардын өгүүлснээр, Трампын шийдвэрүүд эрх ашгийг нь хөндөж буй улс орнууд, ялангуяа Канад, Герман, Европын улс орнууд хариу алхам хийх магадлалтай гэжээ.
Дашрамд дурдахад, Америкийн засаг захиргаа зургадугаар сарын 1-нээс эхлэн Европын Холбоо, Канад, Мексикээс импортоор оруулдаг ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнүүдэд гаалийн татвар оногдуулаад эхэлсэн билээ.
Д.Мөрөн
Эх сурвалж:
Сэтгэгдэл ( 0 )