Уралын эмч нар анагаах ухааны жинхэнэ гайхамшгийг бүтээж чадсан байна. Тэд 380-хан грамм жинтэй төрсөн нярайг хүн болгож чаджээ.
Нярай охин хугацаанаасаа хамаагүй эрт, ийм өчүүхэн жинтэй төрсөн бөгөөд анагаах ухаанд одоо мөрдөж буй хуулийн дагуу бол 500 граммаас дээш жинтэй төрсөн нярайн амь насыг аврахаар эмч нар зүтгэх ёстой аж. Гэвч Екатеринбург хотын хүүхдийн эмнэлгийн мэргэжилтнүүд зүтгээд үзэхээр шийдсэн байна.
Ингээд охин өөрөө бие даан угж хөхдөг болж, мөн хангалттай хэмжээний жинтэй болсон тул түүнийг эмнэлгээс гаргасан аж.
Нярайн эцэг эх тодорхой шалтгааны улмаас хэвлэлийнхэнтэй харьцахаас татгалзсан гэнэ. Учир нь, шинээр мэндэлсэн үрсийг эхний өдрүүдэд бусдын харцнаас нууцлах уламжлалтай билээ.
Тэгээд ч энэхүү өөдөсхөн охины амь насны төлөө эмч нар тэмцэж байхад эцэг эх нь хичнээн их санаа зовниж байсан нь бүгдэд ойлгомжтой юм. 380 грамм жинтэй төрсөн бяцхан охин биеийн хэмжээгээрээ хүний алганд багтах төдий байсан аж.
Одоо охин дөрвөн сартай, хоёр кг гаруй жинтэй ч түүний амь насанд аюулгүй болсон хэмээн эмч нар тооцож байгаа тул эмнэлгээс гарсан байна. Энэ хүртэл явахад эмч нарын хичнээн нөр их хөдөлмөр шингэсэн нь мэдээж.
Охины ээж жирэмслэлтийн 25 дахь долоо хоногтойдоо төрөх тасагт үзүүлэхэд умай доторх хөгжил саатсаны улмаас хүүхэд тэжээлийн дутагдалд орж байгаа нь шинжилгээгээр тодорсон байна. Ингээд эрсдэлтэй хэдий ч эмч нар кесарево хагалгаа хийн хүүхдийн амь насыг аврахаар шийдсэн гэнэ.
Дутуу нярайг эхлээд венийн судсаар, дараа нь гуурс ашиглан тусгай зориулалтын тэжээлээр хооллож байсан аж. Нэг кг-аас бага жинтэй хүүхэд төрж, хүн болох нь бараг л боломжгүйд тооцогддог учраас Екатеринбург дэх энэ тохиолдол үнэхээр гайхалтай юм.
Уралын өөдөсхөн охин нэг нас хүртлээ эмч нарын байнгын хяналтад байх бөгөөд тэр онцгой хүүхэд учраас алсдаа “том хүн” болно гэдэгт ойр дотныхон нь итгэлтэй байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Ёстой гайхамшиг гэж үүнийг л хэлэх бх.Сайхан сэтгэл баярламаар.