Цөмийн зэвсэгтэй есөн орон зэвсгээ шинэчилсээр байна

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 21

Нийт цөмийн зэвсгийн тоо цөөрч байгаа ч цөмийн зэвсэгтэй бүх орон зэвсгээ шинэчилж байна. Стокгольмын олон улсын судалгааны хүрээлэнгээс нийтлүүлсэн илтгэлд ийм дүгнэлт хийжээ.

2018 оны эхээр есөн орон – АНУ, Орос, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Пакистан, Израиль, БНАСАУ 14 мянга 465 нэгж цөмийн зэвсэгтэй байсан. Энэ нь 2017 оны эхэн үеийн зохих үзүүлэлтээс 470 нэгжээр цөөн байна. Цөмийн бүх цэнэгт хушууны 92 хувь нь ногддог Орос, АНУ л ингэж хорогдуулжээ.

Гэвч энэ хоёр орон цөмийн цэнэгт хушуу, түүнийг байнд хүргэдэг хэрэгсэл болон үйлдэрлэх хүчин чадлыг сольж, шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Жишээлвэл, АНУ B-21 Raider гэдэг шинэ үеийн алсын нислэгийн цохилтын бөмбөгдөгч нисэх онгоц бүтээх ажлыг эртнээс хийж байгаа ажээ. Энэ нисэх онгоцыг ирэх 20-иод оны дундуур зэвсэглэлд шилжүүлэхээр төлөвлөж байна. 2030 он гэхэд америкчууд агаараас харвадаг шинэ далавчит пуужин ч хийхээр төлөвлөж байгаа аж.

Оросын засгийн газар Ту-160 нисэх онгоцны үйлдвэрлэлийг сэргээж, Ту-160М2 гэдэг шинэчилсэн 50 бөмбөгдөгч нисэх онгоц үйлдвэрлэхээр шийдвэрлэснийг илтгэлд бас дурдсан байна. Уг нисэх онгоцыг 2023 оноос бөөнөөр нь үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Хятад, Энэтхэг, Пакистан, БНАСАУ-ын хувьд цөмийн чадавхи болон байнд хүргэх системийг боловсронгуй болгох бодолтой байгаа аж.

Э.Сүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top