Хилийн чанадад аж үйлдвэрлэл хөгжүүлэх Хятадын нийгэмлэг CODA (China Overseas Development Association)-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, ахлах эдийн засагч Хэ Жэньвэй Орос-Хятадын хоорондох эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг чөдөрлөж буй үндсэн шалтгаан бол тээвэрлэлтийн муу нөхцөл байдал гэжээ.
CODA (China Overseas Development Association) бол Хятадын аж ахуйн нэгжүүд хилийн чанадад бизнес эрхэлж, хөрөнгө оруулалт хийхэд нь боломж олгодог үндэсний ашгийн бус олон нийтийн байгууллага юм.
“Сүүлийн үед олон улсын тавцан дээр гарч буй өөрчлөлтүүдийн улмаас Хятадын компаниуд Орос улсад хөрөнгө оруулахыг улам ихээр сонирхдог боллоо. Гэвч сүүлийн хэдэн жилд Орос-Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа төдийлөн ихээр өсч чадсангүй” хэмээн Хэ Жэньвэй өгүүлсэн байна.
Тэрээр үүний гол шалтгаан нь хилийн бүс нутгуудад харилцаа холбоо, тээврийн дэд бүтэц муу хөгжсөн явдал гээд, “Хятад-Оросын хоорондох хил голын дагуу 2000 гаруй км үргэлжилдэг. Гэвч одоогоор хоёр эргийг холбосон ганц ч гүүр алга. Хэйхэ болон Тунцзянд хоёр гүүрний бүтээн байгуулалт олон жил үргэлжилж байгаа боловч өнөөг хүртэл бүрэн гүйцэд дуусаагүй л байна. Эдгээр объектуудыг 2019 онд дуусчих болов уу хэмээн бид найдаж байгаа” хэмээн Хэ Жэньвэй тайлбарлажээ.
Благовещенск-Хэйхэ гүүрний бүтээн байгуулалт 2016 оноос эхэлсэн бөгөөд 19,9 км урттай гүүр болох аж. Төслийг гүйцэтгэх ажил хатуу хуваарийн дагуу явагдаж байгаа бөгөөд 2019 оны сүүлч гэхэд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа тухай төслийн удирдагчид баталсан байна.
Мөн Амур мөрөн дээгүүр анхны зорчигч тээвэрлэлтийн татлага олсон зам тавих тухай талууд ярилцаж байгаа хэдий ч төслийг хэрэгжүүлж эхлэх тохиролцоонд хараахан хүрээгүй байгаа аж.
Д.Мигаа
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )