ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагчид цахилгаан утас илгээхдээ, түүнтэй уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Энэ тухай Хойд Солонгосын ЦТАК мэдээллийн агентлаг өгүүлжээ.
“Хоёр орны харилцааны хойшлуулшгүй асуудлууд болон бүс нутгийн чухал асуудлуудыг хэлэлцэхийн тулд Тантай ойрын хугацаанд уулзахад бэлэн байгаагаа баталгаажуулж байна” хэмээн Солонгос улс Японы дарлалаас чөлөөлөгдсөний 73 жилийн ойг тохиолдуулан илгээсэн баярын цахилгаандаа Путин дурдсан аж.
“Орос, БНАСАУ, БНСУ гурван талт төслүүдийг хэрэгжүүлж эхлэхийн сацуу өөрсдийн хамтарсан үйлдлүүдээр цаашид харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж чадна” гэж Путин нэмэн өгүүлжээ.
Өнгөрөгч зургадугаар сарын 1-нд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар уулзах үеэр ОХУ-ын болон Хойд Солонгосын төрийн тэргүүнүүд уулзах тухай хэлцэлд хүрч чадсан билээ. Үүний өмнөхөн Лавров Ким Жон Уныг Орост айлчлахыг урьсан бөгөөд Дорны эдийн засгийн чуулга уулзалтанд оролцонгоо давхар айлчлал хийх боломжтой гэж үзжээ.
Энэ оны зургадугаар сарын 12-нд Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп-тай түүхэн уулзалт хийсэн юм. Хоёр талын чуулга уулзалтын үр дүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай баримт бичигт гарын үсэг зурцгаасан юм. Иймээс ч тэдний уулзалтыг Кремль өндрөөр үнэлсэн билээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )