Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский болон тус улсын удирдах албаны хүмүүсийн сууж явсан онгоц 2010 онд ОХУ-д осолдсон билээ. Тэгвэл ОХУ-руу Польшоос мөрдөн байцаагч нар ирж ослыг дахин шалгах гэнэ. “Ту-154” онгоцны осолдсон газарт Варшаваас ирэх сарын 3-нд хүмүүс ирэх талаар “Известия” сонин дипломат эх сурвалж дээр үндэслэн мэдээлжээ. Мөрдөн шалгах баг ирэх сарын 1-2-нд Орост ирсэн байх аж. Тэд онгоцны хэсгүүдийг шинжлээд 8-нд Польш руугаа буцах гэнэ.
Сүйрсэн онгоцны асуудлаар Орос, Польш хоёрын дунд үүссэн маргаан нь ОХУ мөрдөх ажиллагаа дуустал хэлтэрхийнүүдийг Польшд өгөхгүй гэснээс үүдсэн билээ. Мөрдөн шалгах ажиллагааг шударга явуулахын тулд онгоцны хэсгүүдийг Польшт өгөхгүй гэж Оросын тал мэдэгдэж байгаа аж. Энэхүү осол террорист ажиллагаа биш байсан гэж Оросын талаас мэдээлж буй. Польшийн Ерөнхийлөгчийн онгоцыг сүйрүүлснийг улс төртэй холбон тайлбарлах шинжээч нар олон.
Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньскийн сууж явсан “Ту-154” онгоц нь 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд Смоленск нисэх буудлын газардах зурвас руу орж ирэх үедээ сүйрсэн билээ. Онгоцонд байсан хүмүүс бүгд амиа алдсан юм. 2017 онд Оросын Мөрдөн шалгах хороо уг онгоцноос ямар нэгэн тэсэрч дэлбэрэх бодис олоогүйгээ мэдэгдсэн. Түүнчлэн 2016 оны сүүлчээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин томоохон хэвлэлийн хурал хийхдээ “Ту-154” онгоцны ослын талаар элдэв таамаглал гаргахаа болихыг уриалж байсан билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )