АНУ-ын нэрт дуучин, манай гарагийн соул хөгжмийн хатан хаан гэж нэрлэгдтэлээ алдаршсан Арета Франклин энэ сарын 16-нд нойр булчирхайн хорт хавдраар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Тэрээр энэ онд 76 нас хүрсэн бөгөөд наймдугаар сарын 15-нд бие нь муудан Детройт хотын эмнэлэгт хүргүүлсэн гэдэг.
Нэрт дуучны оршуулга есдүгээр сарын 7-нд болох бөгөөд өчигдрөөс олон нийттэй салах ёс гүйцэтгэх хоёр хоногийн үйл ажиллагааг Детройт хотын Африк-Америкчуудын Түүхийн музейд эхлүүлээд байна.
Алтадсан авсанд байрлуулсан нэрт дуучны шарилд улаан өнгийн даашинз, өндөр өсгийт өмсүүлсэн нь түүнийг насан эцэстэлээ “дива” байсныг нь илэрхийлж байгаа аж.
Арета Фрэнклин 2019 оны эхээр хийхээр төлөвлөж байсан тайлан тоглолтуудаа эрүүл мэндийн шалтгааны улмаас цуцлаад байсан юм. Хэрэв түүний тоглолт амжилттай болж дууссан бол гайхалтай байх байлаа хэмээн түүний фэнүүд сошл хуудаснаа эмгэнэлийн пост бичиж илэрхийлсээр байна.
Тэрээр 18 удаа Грэммийн шагнал хүртэж, дуунууд нь 17 удаа Америкийн хөгжмийн хит жагсаалтын эхний 10-т багтаж, 1987 онд Рок-н-Роллын алдрын танхимд нэрээ мөнхөлсөн анхны эмэгтэй дуучин болж байсан юм. Мөн тэрээр 12-хон настайдаа ээж болж, хүнд хэцүү амьдралыг биеэрээ туулсан ч өдгөө дэлхийн олон сая хүмүүсийн зүрхэнд үүрд дурсагдах нэгэн болж чаджээ.
Б.Баргужин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )