Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia-2018” чуулган энэ жил "Эрдэнэс-Тавантолгой" компани, нүүрсний салбарын шинэ технологи, нүүрсний салбарын ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэх гэж байна. Найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй чуулганы үеэр Хятад-Монголын нүүрсний дэд форум болох юм.
Нүүрсний зах зээлд олдсон боломжоо ашиглаж чадах уу?
Монгол Улсын нүүрсний нөөц бүс нутгийнхаа хэрэглээг 70 гаруй жилээр хангах атлаа одоо хүртэл бид олдсон боломжоо ашиглаж чадаагүй байна. Өнгөрсөн найман удаагийн чуулганд бид энэ талаар хэлэлцэж байсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Энэ удаагийн чуулга уулзалтад “Монгол Улс нүүрсний зах зээлд олдсон боломжоо ашиглаж чадах уу? сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Уг хэлэлцүүлгийг “Энержи Ресурс” ХХК-н захирал Г.Батцэнгэл удирдан явуулна.
Монгол Улсад нүүрсний уурхайнууд шинээр байгуулагдахын хэрээр олборлолт нэмэгдэж байна. Тиймээс дэлхийн зах зээлд гарахын тулд компанийн засаглалыг сайжруулах, шинэ тутам хөгжиж буй технологийг нэвтрүүлэх нь чухал болоод байна. Яг энэ асуудлыг энэ сэдвээр хөндөнө.
"Эрдэнэс-Тавантолгой"н бизнесийн шинэ хандлага
УИХ-н зургадугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоол, Засгийн газрын 224, 245 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах, IPO хийхээр шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ажлын хэсэг байгуулж “Эрдэнэс-Тавантолгой” компанид ажлын хэсэг байгуулжээ. Эхний ээлжид хуулийн болон санхүүгийн, нөөцийн үнэлгээний аудитын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын компанийг сонгон шалгаруулж эцсийн байдлаар сонгож буй аж.
Олон улсын зах зээлд гаргахтай холбоотойгоор авто зам, төмөр замын шинэчлэл, ус хангамжийн асуудлыг шийдэж, нүүрс, угаах баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулах ажлыг ч мөн адил хийх ажээ.
Шахмал түлш агаарын бохирдлыг бууруулах уу?
Өнөөх л утаа. Утааг бид шахмал түлшээр бууруулж чадах уу? Бууруулах гэж оролдсоноо шоронд хорих уу? Ерөнхий сайд нь шахмал түлш гэдэг асуудлаа зогсоо гэдэг чангахан үүрэг өгснөөс хойш утааг чухам ямар аргаар бууруулах нь одоо ч асуулт хэвээр байна.
Сүүлийн арван жилийн хугацаанд утаатай, утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг бууруулах гэж оролдсон ч утаа нь нэмэгдэж, санаачилга гаргасан нэгнийг нь шоронд хориод дууссан билээ. Ирэх оны нэгдүгээр сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг бүрэн хориглоно. Тиймээс шахмал түлшний нийлүүлэлт өснө. Харин шахмал түлш ужиг болсон утааг бууруулах эсэх нь эргэлзээтэй.
Энэ удаагийн чуулга уулзалтаар “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн үүрэг оролцоо” сэдвээр Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдлийн Ерөнхий захирал Х.Халиун удирдан явуулах юм байна.
Хятад-Монголын түншлэл
Нүүрсний хамгийн том экспортлогч оронтой, багагүй хэмжээний нөөцтэй Монгол Улс хэрхэн хамтрах вэ гэдэг нь маш том асуудал. Ирэх 20 жилийн хугацаанд БНХАУ нүүрсний хэрэглээг зогсоож, эко хэрэглээнд шилжинэ гэдгээ Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын индэр дээрээс онцолсон.
Энэ жилийн “Coal Mongolia-2018” чуулга уулзалтаар Монгол-Хятадын бизнес форумыг зохион байгуулж буй. Хятад ирэх жилүүдэд ямар бодлого баримтлах, Хятадын коксжих нүүрсний зах зээл, Монгол Улсын нэвтрэх боломж зэргийг ярилцана. Хамгийн чухал нь УУХҮЯ болон Хятадын бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ үзэглэх юм.
Нүүрс ба блокчейн
Блокчейн технологи. Манайхан блокчейнийг биткойнтой холбож ойлгодог. Гэвч энэ нь хоёр тусдаа ойлголт билээ. Хувийн түлхүүр буюу криптограф, дундын хөтлөлттэй тархмал сүлжээг ашигласан нарийн зохион байгуулалттай систем юм. Эстон улс аль хэдий нь төрийн албаны бүх хөтлөлтийг блокчейн технологид шилжүүлээд байна. Удахгүй 2019 оны эхээр Дубай хот блокчейн хот болох зорилт тавьжээ.
Энэ том технологийг нүүрсний салбарын хөрөнгө оруулалтад нэвтрүүлснээр нүүрсний салбарыг хөгжүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд харж байна. “Coal Mongolia-2018” чуулганаар “Нүүрсний төслүүдийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг блокчейнд суурилсан технологиор шийдвэрлэх боломж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд “Дижитал койн сервис” ХХК-н Ерөнхий захирал Г.Батхуяг удирдан явуулах ажээ.
Б.Аззаяа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
BLOGCHEINIIG HOGJUULHED OLON ULSIIN GETEE SAAD BOLJ BNA TEGEHEER NEG BUS ZAMAAS GARAHUU