Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте Израиль Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айчлалын эхний өдөр Р.Дутерте, Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху нар хоёр талын гурван хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хоёр тал Израильд ажиллаж буй филиппин иргэдийн ажиллах нөхцлийг сайжруулах, хоёр улсын шинжлэх ухааны салбарын хамтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх тал дээр харилцан тохиролцсон байна.
Дүтертегийн айлчлалын гол зорилго нь Израильтай зэвсэг худалдан авах гэрээ байгуулахад оршиж байгаа бөгөөд саяхан Филиппинийн Засгийн газар Израильд үйлдвэрлэсэн Галил автомат буу, гар буу зэрэг зэвсгийг 120 мянган цагдаагийн алба хаагчиддаа худалдан авчээ.
Израиль нь зэвсэг худалдаалдаг томоохон орнуудын тоонд ордог ба Израилийн батлан хамгаалах яамны өгсөн мэдээллээс үзвэл тус улсын батлан хамгаалах салбарын экспортын 60 орчим хувь нь Ази, Номхон далайн бүсэд ногдож байна.
Маргааш буюу 9 сарын 5-нд Родриго Дутерте Тель-Авив хотоос 8 км зайд орших Ришон Лецион дахь хөшөөний нээлтийн ажиллагаанд оролцох юм. Тус хөшөөг Холокостын үеэр еврейчүүдийг аварсан филиппин иргэдийн дурсгалд зориулан босгожээ.
Филиппинийн Ерөнхийлөгчийн айлчлал 4 өдөр үргэлжилнэ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )