Скрипалийг хордуулсан хэргийн сэжигтнээр хоёр орос иргэнийг нэрлэв

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 06

  Их Британийн Хатан хааны прокурорын алба тус улсад хордсон Оросын тагнуулч асан Сергей Скрипалийг хөнөөхөөр завдсанд сэжиглэгдэж байгаа хоёр орос эрэгтэйн нэрийг зарлажээ. Тэднийг Александр Петров болон Руслан Боширов гэсэн байна. Энэ талаар “РИА Новости” агентлаг Хатан хааны прокурорын албаны мэдээн дээр үндэслэн мэдээлжээ. Сэжиглэгдэж буй оросуудыг дөрвөн зүйл ангиар буруутгасан байна. Скрипалийг хөнөөх оролдлого хийсэн, Ник Бейл гэх цагдааг алахыг завдсан, аллага үйлдэхээр хуйвалдаж, санаатайгаар бие махбодийн хүнд гэмтэл учруулсан, химийн зэвсгийн тухай хуулийг зөрчиж “Новичок” гэх бодисыг ашиглаж, эзэмшсэн гэсэн зүйл ангиуд аж.

Хатан хааны прокурорын албаны Терроризмын эсрэг тасгийн прокурорууд олсон баримт нотолгоогоо судалж үзээд ял онооход хангалттай үндэслэл байна гэж үзжээ. Тус алба Москвагаас оросуудыг шилжүүлэн өгөхийг хүсэхгүй гэнэ. Хоёр эрэгтэйг баривчлах нь Европын батлан даалтаар явагджээ.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн баталж байгаагаар сэжигтнүүд хоёулаа Оросын Тагнуулын ерөнхий газрын офицерууд гэнэ. Мөн Лондон Оросыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж тус улсын эсрэг хоригийг өргөтгөнө гэдгийг Тереза Мэй хэлжээ.
Тэгвэл Оросын Гадаад хэргийн яамнаас Их Британийн зарласан нэрс, зураг нь хуурамч зүйл гэж мэдэгджээ. Оросын талаас Лондонг хуурамч мэдээлэл, буруутгалаа болихыг уриалсан байна.

Оросын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлияг өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд Их Британийн Солсбери хотод хордуулсан байсан билээ. Британид амьдарч байсан тэднийг хордуулсан хэрэгт Английн талаас ОХУ-ыг буруутгадаг юм. Харин Оросын зүгээс энэ хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсээр байгаа билээ. Тархи, мэдрэл саажуулах хүчтэй химийн бодист хордсон Сергей Скрипаль болон түүний охин Юлия нар өнгөрсөн тавдугаар сард эмнэлгээс гарч, биеийн байдал нь сайн байгаа аж. Тагнуулч асны охин Юлия саяхан Орос руугаа буцна гэж ярьжээ.

Экс-полковник ГРУ РФ Сергей Скрипаль и его дочь Юлия

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top