АНУ Хятадын 200 тэрбум долларын бараанд тариф ногдуулж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 06

CNN агентлагийн мэдээлснээр энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын хилээр орж ирэх Хятадын бараа бүтээгдэхүүний бараг тэн хагаст тариф ногдуулахаар болоод байна.

Нийт 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараанд хамаарах АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын энэхүү санал Баасан гараг гэхэд хэрэгжиж эхлэх боломжтой. Учир нь татварын талаар олон нийтээс авч буй санал асуулга энэ өдөр дуусах юм.  Шинэ тариф 10 хувь эсвэл 25 хувь байх нь одоогоор тодорхойгүй байна.

Трампын засаг захиргаа өнгөрсөн 6 дугаар сард Хятадын 34 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн тариф ногдуулсан бол 8 дугаар сард нэмж 16 тэрбум ам.долларын барааг хамруулжээ.

БНХАУ нь АНУ-ын хамгийн том худалдааны түнш бөгөөд 2017 онд нийт 506 тэрбум ам.долларын өртөг бүхий Хятадын бараа бүтээгдэхүүн тус улсын зах зээл дээр борлогджээ.

Бээжингийн зүгээс тухай бүрт нь хариу арга хэмжээ авч одоогийн байдлаар нийт 50 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд нь 25 хувийн тариф ногдуулсан байна. Энэ долоо хоногт хэрэгжих магадлалтай шинэ тарифын хариуд Хятад улс нийт 60 тэрбум ам.долларын өртөг бүхий Америкийн барааг хамруулна хэмээн мэдэгдээд байгаа билээ. Гэсэн хэдий ч АНУ-ын экспортын хэмжээ харьцангуй бага учир Хятад улсын хувьд тэнцвэртэй хариу арга хэмжээ авахад хүндрэлтэй юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.97) 2018 оны 09 сарын 06

Зөв

0  |  0
Top