Пхеньянд цэргийн жагсаал болж өнгөрлөө

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 09

Өмнөд Солонгосын тагнуулын эх сурвалжаас авсан мэдээллээр БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан цэргийн жагсаал өнөөдөр Пхеньян хотноо болж өнгөрсөн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ. Энэхүү арга хэмжэээ орон нутгийн цагаар 10.00 цагт эхэлсэн аж.  

Хиймэл дагуулаас авсан гэрэл зургаас үзвэл цэргийн сүрт жагсаалд Солонгосын ардын армийн нийт 10 мянга орчим цэргийн алба хаагчид оролцсон байх гэж тус агентлаг тооцжээ.

“Киодо Ньюс” агентлаг цэргийн жагсаалын үеэр тив хоорондын баллистик пуужинг үзүүлээгүй мөн Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун үг хэлээгүй хэмээн онцоллоо.

Энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.Матвиенко, БНХАУ-ын дарга Ши Жинпиний тусгай элч, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар оролцсон байна. Гадаадын олон тооны сэтгүүлчид тус арга хэмжээнд мөн уригдсан аж.

Дээрх ойтой холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жинпин Ким Чен Унд баярын цахилгаан хүргүүлжээ. Хятадын төрийн тэргүүн Пхеньянтай найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх бодлого барьж буйг онцлон дурдсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн баярын мэндчилгээ дэвшүүлж Умард Солонгостой хоёр талын харилцаагаа цаашид хөгжүүлэхийн төлөө буйгаа нотолсон тухай Умард Солонгосын КСНА агентлаг мэдээллээ.

Хамгийн сүүлд Солонгосын ардын армийн 70 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал Пхеньян хотноо 2 дугаар сарын 8-нд болж байсан бөгөөд энэ үеэр “Хвасон-15” төрлийн тив хоорондын баллистик пуужинг үзүүлж байжээ.

  Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top