Та энэ зургийг санаж байна уу? Одоогоос яг 17 жилийн өмнө хүн төрөлхтний шинэ мянганы түүхэнд тохиосон хамгийн аймшигтай үйл явдлыг гэрчлэх “Унаж буй хүн” зураг. Тайм сэтгүүлээс гаргадаг бүх цаг үеийн шилдэг 100 гэрэл зургийг 2011 онд дахин тодруулахад энэ зураг сонгогджээ. Энэ бол хоёр өндөрт амиа алдсан 2606 хүний төлөөлөл. Энэ бол Америк цаашлаад дэлхий дахинд эрх чөлөө, хүсэл тэмүүллийнхээ төлөө хэрхэх ёстойг илтгэсэн зураг. Тэр бол шинэ эриний Америкийг чухам юуны төлөө тэмүүлэх ёстойг тод томруунаар харуулсан эгэл жирийн хүн...
2001 оны есдүгээр сарын 11. Дэлхийн худалдааны төвийн хойд цамхаг. Энэхүү цамхгийг мөргөснөөс хойш хагас цагийн дараа буюу өглөөний 09:41 цагийн үед 106 давхраас үсэрч буй эрэгтэй. Хойд цамхгийг мөргөсний дараа үүссэн халуун гал, хортой хийг тэсэлгүй хамгийн дээд давхраас үсэрсэн 200 хохирогчийн нэгийг та бүхэн харж байна.
Энэхүү зургийг “Ассошейтэд пресс” агентлагийн гэрэл зурагчин Ричард Дрью гэрэл зургийн хальсандаа буулгажээ. 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр зөвхөн дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагт 2606 хүн амиа алдсан байна. Энэхүү амиа алдсан хүмүүсийн 200 нь хорт хий, халуун гал, төмрийн хий зэргээс болж хамгийн дээд давхраас үсэрсэн гэдэг. “Энэ бол маш хүчтэй зураг. 21 дүгээр зууны эхээр хүн төрөлхтөнд энэ зураг асар их зүйлийг өгсөн. Энэ зурагтай дүйцэхүйц зүйлийг дүрслэх урлаг, поп хөгжим, уран зохиолоос олж чадахгүй. Зөвхөн энэ зураг л тэрхүү үнэт зүйлийг өгөх болно” хэмээн Мүүрийн коллежийн профессор Д.Томпсон хэлжээ.
Орчин үеийн дэлхийн түүхэнд хар мөрөө үлдээсэн энэхүү эмгэнэлт хэрэг олон арван улсыг, хүмүүсийг өөрчилсөн билээ. АНУ-ыг магадгүй энэ хэрэг илүү нэгтгэсэн ч байж болох.
Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг бүрэн нурснаас хойш 30 минутын дараа “Ассошейтэд пресс” сонины гэрэл зурагчин Ричард Дрью ажлын өрөөндөө очлоо. Тэрээр аймшигт хэргийн гэрэл зургуудаа ангилж хэвлүүлэх гэж байгаа нь энэ. Олон арван гэрэл зураг байгаа ч нэгэн зураг л зөвхөн түүний компьютерын дэлгэцээс үндэстэн даяар, цаашлаад бүх дэлхий даяар тархжээ. Энэ бол Дэлхийн худалдааны төвийн хойд талын цамхгаас үсэрч байгаа нэгэн эрэгтэйн зураг. Зөвхөн энэ хүний доошоо унаж байгаа 21 цуврал зургийг тэрээр дарж амжжээ.“Онгоц мөргөсний дараа хойд талд байрлах ихэр цамхгийн нэгнээс хүмүүс олноороо үсэрч эхэлсэн. Би тэр зургуудыг дурандаа буулгасан юм л даа. Гэтэл нэгэн зураг миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Хойд талын цамхгаас үсэрч байгаа харь арьст эрэгтэйн зураг. Тэр хүн учирч болох аюулаас өөрийгөө аварч болох эцсийн аргаа л хэрэглэсэн нь энэ. Доошоо унаж байгаа үхэлтэйгээ тулгарч байгаа гэхээргүй. Тийм л эгэл бус. Гэвч энэ хүн бол бурхан ч юм уу, сахиусан тэнгэр биш шүү дээ. Зүгээр л доошоо унаж байгаа хүн. Аймшигт халдлагын хохирогчдын нэг” хэмээн Ричард Дрью ярьсан байна. Зураг үндэстэн даяар нийтлэгдэж олон нийтийн анхаарлыг татаж байх тэр мөчид зураг дээр зөвхөн хэн гэгч хүн дүрслэгдсэн болохыг мэдэх гэж олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ажиллаж, олон арван таамаг гарч байлаа. Шаргал өнгийн хүрэм, хар өнгийн өмд, гутал өмссөн нь рестораны ажилтан байж магадгүй гэсэн таамаглал хамгийн бодитой таамаглалуудын нэг байлаа. Тийм ээ энэ таамаглал үнэн байсан нь хожим нотлогдсон юм.
Хамгийн анх энэхүү зурагт Норберто Эрнандез гэдэг хүн дүрслэгдсэн байж болохыг “The Globe and Mail” сонин тэргүүн нүүрэндээ нийтэлсэн аж. Нийтлэлийн мөрөөр ороход тухайн үед Дэлхийн худалдааны төвийн дээд давхарт байрлах “Windows on the World” ресторанд үнэхээр Норберто Эрнандез гэдэг хүн ажилладаг байсан нотлогдов. Гэвч тэрээр энэ зурагт дүрслэгдсэн хүн мөн үү гэдэг нь таамаг хэвээр байлаа. Яг энэ үед “Унаж буй хүн”-ийг ажиглаад зохиол бичих санаа төрсөн зохиолч Том Дилило Эрнандезийн гэр бүлийнхэнтэй уулзаж ярилцжээ. “Би тэдэнтэй уулзах гэж үнэхээр сандарч санаа зовж байсан. Уг нь миний ажил хүмүүстэй уулзаж ярилцах шүү дээ. Гэтэл яагаад ч юм тэр өдөр би өмнө сандарч байгаагүйгээрээ сандарч, сэтгэл түгшиж байсан. Ямар ч байсан ороод тэдэнтэй танилцсан. Гэтэл тэд миний өмнөөс “Таны хайж байгаа хүн манай нөхөр биш ээ. Хэзээ ч шар өнгийн футболк, шаргал өнгийн хүрэм, тийм нарийхан хар өмд өмсөх хүн биш. Тэр минь маш тарган хүн гэж хариулсан”. Ямар ч байсан энэ зурган дээр байгаа хүн Норберто биш гэдгийг л мэдсэн” хэмээн номын зохиогч хожмоо дурсан ярьжээ.
Эхний таамаглал бараг олон хүнийг үнэмшүүлж эхэлж байтал АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ хүнийг Норберто Эрнандез биш болохыг мэдээлж байлаа. Чухамдаа тэр үед АНУ даяар ганцхан асуулт л ноёлж байсан гэхэд болно. Зураг дээр байгаа хүн чухам хэн юм бэ.. гэж. Гэтэл аймшигт хэрэг болсноос хойш даруй таван жилийн дараа зураг дээрх хүнийг 43 настай Жонатан Брайли мөн болохыг “Windows on the world” рестораны ахлах тогооч Майкл Ломонако нотолсон юм. Үнэхээр энэ хүн мөн болохыг гэр бүлийнхэн нь баталж байлаа. “Манай ах аймшигт хэрэг болдог өдрийн өглөө ажилдаа явахдаа яг тийм шар өнгийн футболк, хар өнгийн өмд, гутал өмсч явсан. Энэ зургийг анх хараад бурхан минь Жонатан битгий байгаасай гэж хүсч байсан юм. Гэтэл энэ зураг үнэхээр тэр байсан юм шүү дээ” гэж түүний төрсөн дүү Тимоти хожим нь NBC телевизэд өгсөн ярилцлагадаа дурсжээ.
Жонатан Брайли. Арваад жилийн тэртээх тэр өдөр “Windows on the world” ресторанд ажиллаж, хооллож байсан 170 хүний нэг. Есдүгээр сарын 11-нд тэр 43 насны төрсөн өдрөө тэмдэглээд удаагүй байжээ. Тэрээр энэхүү ресторанд дууны инженер хийдэг байсан бөгөөд Нью-Йорк хотын Маунт Вернон дүүрэгт амьдардаг байжээ. Жонатан ажлынхандаа үнэхээр нэр хүндтэй байсан бөгөөд Дэлхийн худалдааны төвийн хойд талын цамхагт ажилладаг хүн болгон түүнийг таньдаг байсныг гэр бүлийнхэн нь хожмоо дурссан байдаг.
“Жонатан үнэхээр гайхалтай хүн. Би түүнийг өнгөрсөн арваад жилийн хугацаанд мэднэ. Хэзээ ч духаа үрчийлгэж, хөмсгөө зангидаж байгаагүй юм. Гэвч өнөөдөр АНУ-д тохиолдсон эмгэнэлт хэргийн нэг хэсэг, магадгүй гол баатар болсон шүү дээ” гэж Майкл Ломонако ярьсан байна.
Осол болсон өдрийн өглөө тэрээр гэр бүлийнхэнтэйгээ бүгдтэй нь салах ёс хийж өмнө нь байгаагүйгээрээ найрсаг, маш хөгжилтэй байжээ. Яг л гэртээ ирэхгүй гэдгээ мэдсэн мэт. Тэрээр гэртээ эргэж ирээгүй юм. Гэртээ ирэлгүй яваад өнөөдөр арван жилийн нүүрийг үзэж байна. Гэхдээ тэр зөвхөн гэр бүл төдийгүй, АНУ-д нэгэн зүйлийг үлдээгээд буцсан юм. Тэр бол итгэл найдвар. Итгэл найдвар хэзээ ч төгсдөггүйн цорын ганц баталгаа нь чухамхүү тэр билээ.
Энэхүү зургийн талаар алдартай хүмүүсийн олон арван үгс байдаг хэдий ч нэгэн өгүүлбэр АНУ даяар асар их алдаршсан юм. “Түүнийг зүгээр л хар. Биеийн хэлбэр, толгойны байрлал. Итгэл хэзээ ч мөхдөггүйн тод жишээ”. Энэ үгийг түүний охин дүү Гвендолин хэлсэн юм. Тийм ээ. Итгэл хэзээ ч мөхөөгүй юм. Түүнийг шатахаас, хорт хийнд хордохоос айгаад үсэрсэн байна гэж та бодож магадгүй. Гэхээ тэрээр асар их итгэл найдвар, АНУ-ын төлөө 106 давхраас үсэрчээ. Магадгүй тэрээр одоо энх амгалангийн орондоо очсон байх. Есдүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ-ын эдийн засагт 14.30 тэрбум ам.долларын хохирол учирсан билээ. Гэвч үүнээс хамгийн үнэтэй хохирол нь хүмүүс. Тэр аймшигт өдөр 2977 хүн хайртай хүү, охин, халамжит ханиа алдсан билээ. Тэдгээрийн нэг нь өнөөдөр энэхүү зурагт мөнхрөн үлджээ. Гэрэл зурагийн гол баатар чухам юуны төлөө тэр өндрөөс үсэрснийг хойч үеийнхэн нь ойлгох биз ээ.
Б.Аззаяа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
MUNKHNARAN EEJ
Гол буруутан нь америк нь ,одоо хар ойрхи дорнодыг галдан шатааж алж талж байна. Дайн хийх гэж л ихэр цамхагийг дэлбэлсэн. Дэлхий нийтээрээ мэддэг болсон. Сонирхохоо ч больчиж. Бидэнд падлийгуй,
Burhan iveeg