ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн форумын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын Ши Жинпин нар хэлэлцээ хийлээ.
Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар, хоёр орны төрийн тэргүүн нар энэ жил хоёр талын харилцаа эрчимтэй хөгжиж буйг дурдаад үлүү өндөр түвшинд илүү хурдацтай хөгжих шинэ үе эхэлснийг хүлээн зөвшөөрчээ.
Хятад, Орос улсууд Нэг зам, Нэг бүс болон Евразийн эдийн засгийн холбоо санаачилгуудыг урагшлуулах талаар гаргаж буй хамтын хүчин чармайлтыг улам идэвхжүүлэх, эрчим хүч, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, санхүүгийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, томоохон төслүүдийг тогтвортой хэрэгжүүлэх, хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхийн чухлыг Ши Жинпин онцлон тэмдэглэв.
НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүд, шинээр гарч ирж буй хүчтэй эдийн засгуудын хувьд, тус хоёр улс дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, хөгжил дэвшлийг урагшлуулах үүргээ мөр зэрэгцэн биелүүлж байна хэмээн тэрээр дурдлаа. НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг олон талын нягт харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран хурцадмал асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, олон улсын эрх тэгш, шударга байдал, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтын хүчээр сахин хамгаалах тал дээр нэгдлээ.
Хоёр улсын төрийн тэргүүн нар олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцож хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.
Энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абе нар хэлэлцээ хийлээ.
Киодо Ньюс агентлагийн мэдээлснээр хоёр тал газар нутгийн маргаантай арлуудад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй эдийн засгийн хамтын ажиллагааны ажлыг эхлүүлэхээр тохирч газар нутгийн маргаантай асуудалд багахан дэвшил гаргалаа.
Хэлэлцээний дараа болсон хэвлэлийн хурал дээр Абэ дэлхийн хоёр дугаар дайны дараах энхийн гэрээг Путинтэй байгуулах үүрэг хариуцлагаа дахин нотолжээ. Газар нутгийн маргаанаас үүдэн Токио, Москва хоёр өнөөг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй байгаа билээ.
Хоёр тал усны аж ахуй, хүлэмжийн аж ахуй, аялал жуулчлал, салхины эрчим хүч, хог хаягдлыг боловсруулах салбарт хамтран ажиллах замын зургийг баталлаа. Хэдийгээр хоёр тал энхийн гэрээг ойрын үед шийдвэрлэхэд хүндрэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү асуудлыг эцэслэх тал дээр Ерөнхийлөгч Путинтэй хамтын хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээ Абэ мэдэгдсэн бол хоёр тал хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг судлахаа Путин илэрхийллээ.
Абэ, Путин нар Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөө нягт хамтран ажиллахаа нотлосон хэдий ч энэхүү зорилгод хүрэх өөр өөрийн байр суурийг илэрхийллээ. Абэ Умардын талаар гарсан НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэйг дахин онцолсон бол Путин Пхеньянтай холбоотой аливаа асуудлыг улс төр, дипломат аргаар шийдвэрлэнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.
Лхагва гарагт болох нэгдсэн хуралдаан дээр Шинзо Абэ үг хэлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жинпин, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Нак Ён болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах юм.
Япон-Хятадын дээд хэмжээний уулзалтаар хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх цаашдын арга замын талаар санал солилцох аж. Энэ жил тус хоёр улс энх тайван, найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ой тохиож байгаа юм.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )