Испанийн нийслэл Барселон хотод сая орчим хүн Каталоны Үндэсний өдрөөр гудамжинд гарч тусгаар тогтнолынхоо төлөө жагслаа. Жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн энэ тэмдэглэлт өдөр өнгөрсөн 10 дугаар сард Испаниас салан тусгаарлах оролдлого бүтэлгүйтсэний дараа болж буйгаар онцлог юм.
Асар олон тооны жагсагчид улаан цамц өмсөн жигдэрч улаан, шар өнгийн Каталоны туг барин, бөмбөр цохиж, шүгэл үлээн, уриа хашгирч тэмцлээ илэрхийллээ. Өнгөрсөн жил ойролцоогоор ийм тооны хүмүүс мөн жагссан юм.
2017 оны 10 дугаар сарын 1-нд Испаниас тусгаар тогтнох талаар олон нийтийн санал асуулга Каталонд болж мөн сарын 27-нд тусгаар тогтнолоо санал нэгтэй зарласан юм. Гэсэн хэдий ч Испаны Үндсэн хуулийн цэц санал асуулгыг хууль бус хэмээн үзэж Мадридаас шууд удирдахаар болсон байна.
Тэрхүү салан тусгаарлах кампанит үйл ажиллагааг зохион байгуулсан удирдагчдыг хорьж байгаа бөгөөд жагсагчид тэднийг суллахыг мөн шаардав.
Санал асуулгаар Каталон мужийн оршин суугчдын 46.7 хувь нь Каталоныг Испаниас салан тусгаарлахыг дэмжиж 44.9 хувь нь эсэргүүцсэн юм.
Диада буюу Каталоны Үндэсний өдөр нь гурван зууны тэртээ болсон үйл явдлыг дурсан жил бүр тэмдэглэдэг. Хачирхалтай нь 9 дүгээр сарын 11-ний өдөр ямар нэгэн ялалтын бус, харин ялагдлын өдөр юм. 1714 оны энэ өдөр Испаны хаан ширээний төлөөх тулалдаан ялагдлаар төгссөн аж. V Фелипе хааны цэргүүд Австрийн Карл хааны цэргүүдийн бүслэлтийг сэтэлж Барселонд ялалт байгуулснаар Арагон хаант улс үгүй болж каталончууд өөртөө засах эрхээ алджээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )