Абэ Шинзо, Ши Жинпин нар Владивосток хотноо уулзлаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 12

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, БНХАУ-ын дарга Ши Жинпин нар Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах нэгдмэл зорилгын хүрээнд нягт хамтран ажиллахаар тохирлоо гэж Киодо Ньюс агентлаг мэдээллээ.

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн форумын хүрээнд хийсэн хэлэлцээний үеэр Абэ, Ши нар ирэх сард Абэгийн Хятад улсад хийхээр төлөвлөж буй айлчлалыг зохион байгуулах ажлыг түргэвлэх талаар тохирчээ. Энэ жил тус хоёр улс энх тайван найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү айлчлал нь 2011 оны 12 дугаар сараас хойш Японы Ерөнхий сайдын Хятад улсад хийх анхны айлчлал болох юм.

Эдийн засгийн харилцааны хувьд хоёр улсын тэргүүн нар АНУ, Хятадын хооронд хурцдаад буй худалдааны дайн дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгаа өнөөгийн нөхцөлд чөлөөт худалдааны ач холбогдлын талаар санал солилцож Ши Жинпиний санаачилсан “Нэг бүс, Нэг зам” хил дамнасан дэд бүтцийн санаачилгыг урагшлуулах үүднээс гуравдагч орнуудтай хамтран ажиллах талаар ярилцжээ.

Сүүлийн жилүүдэд Япон-Хятадын харилцаа Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаантай арлуудын асуудлаас болж муудсан билээ. 2012 оны 9 дүгээр сард тэр үеийн Ерөнхий сайд Ёшихико Нодагийн тэргүүлсэн Засгийн газар эзгүй арлуудыг төрийн хяналтад авснаар байдал улам хурцаджээ.

Энх тайван найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ой хоёр орны харилцаанд эерэг уур амьсгалыг бий болгож байна гэж Киодо агентлаг мэдээллээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.26.231) 2018 оны 09 сарын 13

erdiin uulzalt

0  |  0
Top