ДЭЗФ дээр хэлсэн онцлох ишлэлүүд

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 12

-АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Умард Солонгосын асуудалд шинэлэг байдлаар хандсан гэж Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн хэлсэнтэй санал нэг байна. Д.Трамп тодорхой зориг гаргаж, шинэлэг байдлаар хандсан нь үнэн гэж Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн форумын нэгдсэн хуралдаан дээр В.Путин хэллээ.

-Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун тааламжтай цагтаа ОХУ-д айлчилж болно. /В.Путин/

-2020 оны Олимп болох үед Токио хотын өнгө төрх эрс өөрчлөгдөнө. Жолоочгүй машинууд газраар давхихын зэрэгцээ нисдэг машинууд агаарт хөөрөх юм. /Абэ Шинзо/

-Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэх нөхцөл байдалд шинэ боломжууд нээгдлээ. Гэхдээ үүнийг нэгхэн далайлтаар шийдэх боломжгүй. Сүүлийн үед холбогдох улс төрийн зөвлөлдөх уулзалтууд оролцогч талуудын хүлээж байсан урсгалд орлоо. Нөхцөл байдал нааштай хандлагатай болж байна, гэхдээ энэ нь хялбар замаар бидэнд олдоогүй юм. Тиймээс энэ олдсон боломжуудыг нандигнах хэрэгтэй. /Ши Жинпин/

-Скрипалийн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийн талаарх мэдээлэл Оросын эрх баригчдад бий. Тэн хэн гэдгийг бид мэднэ, бид тэднийг олсон. Тэд нар олны өмнө гарч өөрсдөө юу болсон талаар ярина гэж найдаж байна. Эрүүгийн гэхээр зүйл огтхон ч байхгүй гэдэгт итгэлтэй байж болно. /В.Путин/

-Ирэх жил Японы Осака хотноо Их хорийн уулзалт болох ба энэхүү уулзалтад Ерөнхийлөгч В.Путин, Ши Жинпин дарга нарыг оролцоно гэж бид хүлээж байна. /Абэ Шинзо/

-Пхеньян, Вашингтоны хооронд эхэлсэн яриа хэлэлцээний үрээр олдож буй боломжийг Умард Солонгос ашиглана хэмээн Токио найдаж байна. Ерөнхийлөгч Трампын гаргасан зоригтой шийдвэрийн ачаар Умард Солонгос, дэлхийн нийгэмлэгийн хоорондын харилцаанд ихээхэн өөрчлөлт гарч байна. Умард Солонгос энэхүү боломжийг заавал ашиглаасай гэж хүсч байна. /Абэ Шинзо/

-Токио, Москва хоёрт энхийн гэрээ байхгүй байгаа нь хэвийн бус явдал гэсэн В.Путины байр суурьтай санал нэг байна. /Абэ Шинзо/

-Орос, Хятад, Өмнөд Солонгосын гурван талт төслүүдийг эргэн ярилцах хэрэгтэй. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө Солонгосын хойгийн нөхцөл байдал хэвийн болох ёстой. /В.Путин/

- Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжилд бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, мөргөлдөөн шинээр гарахаас сэргийлэх, хуучин  маргааныг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь чухал. /В.Путин/

-Цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн оролцоо бүхий олон улсын амлалт Умард Солонгост чухал. /В.Путин/

-Хятад, Япон улсууд дэлхийн томоохон эдийн засаг болохын хувьд мөн бүс нутагт чухал үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд дэлхийн энх тайван, хөгжил, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах учиртай. /Ши Жинпин /

-Умард Солонгос Сөүлтэй харилцахдаа Өмнөд Солонгос дах Америкийн цэргийн асуудлыг тавихгүй байгаа. /Ли Нак Ён, БНСУ-ын Ерөнхий сайд/

-Ямар ч улс орон ганцаараа Умард Солонгосын аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй. /Ши Жинпин/

-Юу ч болсон Сөүл Пхеньнтай эвлэрэх замаас ухрахгүй. Өмнөд ба Умард хоёр урьд өмнө хэний ч яваагүй замаар алхаж байна. Бидэнд илүү зориг, ухаан, тэвчээр хэрэгтэй. Ямар ч бэрхшээл тулгарсан бид энх тайванд хүрэх энэ замаас ухрахгүй. /Ли Нак Ён/

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top