“Флоренс” хар салхинаас урьтаж цөмийн реакторуудаа унтраахаар бэлтгэж байна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 13

АНУ-ын үндэсний цаг уурын албаны мэдээлснээр “Флоренс” далайн хар шуурга 10 гаруй сая хүн амтай суурин газруудыг дайрхаар байна. Өмнө нь далайн шуурганы хүч суларч 3-р зэрэглэл рүү буурсан хэдий ч эх газарт хүрэх үед хүч нь нэмэгдэж туйлын аюлтай болно гэж тус алба сэрэмжлүүллээ.

Одоогийн байдлаар “Флоренс” Өмнөд Каролина мужийн Мертл-Бич хотоос 675 км зайд Атлантын далайд 195 км/цагийн хурдтай шуурч байна.

Өмнөд Каролинад энэхүү шуурга Баасан гарагт хэрэх урьдчилсан мэдээ гарсан бөгөөд Өмнөд болон Умард Каролина, Виржини, Мэрилэнд мужууд болон Вашингтон хотод онцгой байдлын дэглэм зарлаад байна.

Associated Press агентлагийн мэдээлснээр “Флоренс” далайн шуурганы улмаас Умард Каролинад хүчтэй аадар бороо орж гахайн аж ахуйн хог хаягдлын цэг, нүүрсний үнсэн овоолго болон бусад аж үйлдвэрийн газрууд үеэр автаж болзошгүй байгаа аж. Үүний улмаас хорт бодис ялгарч ундны усны хангамж, олон айл өрхөд аюул заналхийлж магадгүй болоод байна. Умард Каролина мужид 9 гаруй сая гахай бүхий 2100 орчим үйлдвэрийн хэмжээний гахайн аж ахуй байдаг бөгөөд эдгээрийн ялгадас нь задгай цооногнуудад хуримтлагддаг байна. Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх үүднээс эдгээр цооногуудыг соруулж авсан аж.

Мужийн цахилгаан хангамжийн “Duke Energy” компанийн нүүрсний үнсний асар том овоолгууд мөн асуудал болж байна. Гол нуурны дагуу байрлах үнсэн овоолгуудыг усанд автаж урсуулахгүй байх арга хэмжээг авч байгаа бөгөөд саарал үнснээс мөнгөн ус, хүнцэл, хар тугалга зэрэг хорт бодис ялгардаг юм байна.

Түүнчлэн тус компани далайн хар шуурга орж ирэхээс дор хаяж 2 цагийн өмнө цөмийн реакторуудаа унтраахаар бэлтгэл ажилдаа ороод байна. “Duke Energy” компани Каролина мужуудад нийт 11 реактор ажиллуулдаг билээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top